15. Итүргэний хар агт
Чахурханы морь удаан ажгуу. Хойноос нь
сум хүрэх газрын үзүүрээс Итүргэний алтан
эмээлт хар агтны гуяны угийг суутал харважээ.
МНТ 184-р зүйл
Олхио худал үгээр монгол ноёдыг урвуулж
Оргож боссон Хасарыг оруулж ирэхээр санав.
Олон ноёдын бэлгээр Итүргэн элч баяжиж
Омголон хар мориндоо алтан эмээл тохов.
Хэрлэнгийн аргал хөхийд отсон цэргийг үзээд
Хэрэйдийн элч Итүргэн омголон хараа гуядав.
Алтан эмээлийн хүндийг дааж чадаагүй морь нь
Араасаа харвасан суманд гуяны угаа онуулав.
Суун тустлаа гэмтсэн хар агт зогсоход
Суран жолоогоо алдаагүй Итүргэн элч унав
Аргамж сураар хүлүүлэн атирч хэвтэх тэрээр
Алтан эмээлээсээ илүү хар агтандаа харамсав.
“Улс, аймгийн эздэд үг мэдээ хүргэхээр
Уудам их хээр, уст их мөрөн
Уул их байцыг даван туулж явсан
Унаган хар агт минь урт замын унаа сан.
Учирлан хэлэх үгийг дуу болгон цээжилж
Уртын урт замдаа аялан дуулж явахад
Уужим цээл аялгуунд толгой хаялан хөнгөрч
Унасан эзнээ баясган тэмүүлж явсан хүлэг сэн.
Хорон сэтгэлт хаадаас айн буруулж зугтахад ч
Холд ойсон оргодлыг мөрдөн мөшгиж тэнэхэд ч
Халуун хүйтэн хоёрт өлсөж ядарч зовоход ч
Хар агтныхаа хүчээр л амьд мэнд явсан сан.
Хасарын төлөө юунд итгэмж болон ирэв дээ
Хар агтандаа юунд алтан эмээл тохов доо
Хэрэйдийн элч Итүргэн харамсан ингэж бодно
Хэрлэнгийн аргал хөхийгөөс их цэрэг хөдлөнө.
Андгай зөрчсөн Хэрэйдийн алтан аргамжыг огтолж
Андуу санасан Итүргэнийг мэндийн зөрөөгүй цавчив.
Алтан эмээл нь зохиогүй хар агт нь ойчиж
Аргал хөхийн агаарыг амсаж байгаад дуусав.
Хэлцэл үгээ зөрчих нь унах төрийн шинж гэж
Хэрэйд их улсыг сөнөөн дарж хэлсэн юм.
Хээл идэн баяжих нь үхэх хүний шинж гэж
Хэвээ сахиагүй Итүргэнийг цавчин алж хэлсэн юм.
16. Найманд олзлогдсон шунхалхан
Ханхар ханы оройд Найманы харуул
тэнд ажгуу. Бидний харуул тэнд
үлдэн хөөцөлдөхөд бидний харуулаас
нэг муу эмээлтэй шунхалхан морийг
Найманы харуулд алджээ.
МНТ 193-р зүйл
Ямбатан ихэс ноёдод бол гологдсонхон шунхалхан
Ядуу дорой нэгэнд бол олдсонхон шунхалхан
Тэмээн хээрийг авлахад тамираа барсан шунхалхан
Түлинчигүдийг хомроглоход турж эцсэн шунхалхан
Халх голын Орнугаас өлөн зэлмүүн хөдөлсөн ч
Хангайн хачир усанд очиж чадсан шунхалхан
Ханхарханы байлдаанд өөд уруугүй довтолсон ч
Харь Найманы хайгуулд амьд л баригдсан шунхалхан
Монгол цэргийн агтны өнгө зүс нь хэмээгдэж
Морьд сайтай Найманыг молигдсонхон шунхалхан
Монголын нууц товчоонд өөрийгөө бүрэн багтааж
Муу эмээлтэй морь гэж хочлуулсанхан шунхалхан
Эрэмгийн хатуу үеийнхээ адуу л байсан байхдаа
Энгийн монгол цэргийн унаа л байсан байх даа
Эмээл муутай ч гэсэн хүлэг л байсан байх даа
Эцэнхий туранхай ч гэсэн ажнай л байсан байх даа
Эртийн эртээс магтуулж эзэн Богдоор овоглосон
Эр хоёр загалыг нууц товчоо дурдаагүй.
Инанча хааныг мохоосон Чингисийн дайны тоосонд
Эмээл муутай шунхалхан давхиж явсан нь үнэн.
17. Чингисийн зост бор
Чингис хаан Тангуд иргэнд морилов...
зуур замд өвөл Арбухад олон хулан
авлахад Чингис хаан зост борыг унаж
явсан бүлгээ.
МНТ 265-р зүйл
Дэлхийн хагасыг монголчууд дээлээ юм шиг эвхэж
Дээд ихэс хаадыг боолоо юм шиг зандарч
Хагацал, цөхрөл хоёрыг төөрөг юм шиг учруулж
Харь газрын адууг өөрийн юм шиг хураасан
Тогмог хаадын бэлэг өндөгөн цагаан азарга
Тоомсог нэрээр алдаршсан өрнийн өндөр адуу
Тостой гараар хүрэмгүй арабын хээнцэр хүлэг
Тоор мөрнөөс хураасан Алтан хааны сүрэг
Харийн дарагдмал төрийн золиос болон ирж
Хаад харцын хазаарт ам юугаа мэдүүлж
Хулан тахийн тоосонд хурд юугаа сорьж
Хувь заяаны тохиолоор монгол хүнд унуулсан юм.
Зэвт сум шиг хурдан гэж хаад ноёд тооно.
Зөв буруугүй номхон гэж харц ард тооно.
Зүс өнгөөр хөөрхөн гэж охид эмс тооно
Заяа тавилан ижил гэж олзны боол тооно.
Алаша Тангудыг яллахаар Богд эзэн мордохдоо
Агт агтын сайныг унаж эдэлж явав
Ар бухыг чочоосон хулангийн их авд
Ар зоо нь цоохор зост борыг унав.
Онгон шаргал говь далай адил цэлийнэ
Олон цэргийн хоморго шуурга адил довтлоно
Отод орсон хулан давалгаа адил хуйлрана
Отож хүлээсэн хааныхан арал адил угтана
Агсран дүүлж тэмүүлэх зост бор омголон
Алтат нөмрөгийн хормойг ар зоондоо хөвсөлзүүлж
Атар шаргал хөрсийг цуу татан цавчилж
Агаарын цагаан үүлэнд шүргэх шахам цоройно
Хаагаа нийлтэл шахуулсан авын түрүүч ирэхэд
Харвасан сум шуугиж мөндөр адил буув
Хажуу талаар садрах хулангийн сүргээс үргэсэн
Хаан эзний морь харайн бусгаж булгив.
Морины нуруунд өсөж хүлгийн зооноос эндэх
Монгол эрийн тавилан хаан эзнийг тойроогүй
Хөх тэнгэрийн хүүг алтан шороонд хүргэсэн
Хөөрүү зантай зост бор монгол гүүнээс төрөөгүй.
Хатан Есүйг уйлуулж эзэн Чингис өвдсөн ч
Хашин Тангудыг зорьсон их цэрэг саатаагүй
Морин эрдэнээ муулдаггүй малчин ардын заншлаар
Монголын нууц товчоо зост борыг зүхээгүй.
Төгсгөл
Буурал түүхийн тоостой нууц товчооны адуу
Бурхан Халдун уулаа санан санан ирнэ.
Буурч мандахыг шийдэх төрийн ордоны гадаа
Буруу зөвийг ялгахаар саатан саатан зогсоно
Дэлхийн дээвэр дээр Монгол улс оршдогийг
Дээдлэх төрийн сүлднээ морин эрдэнээ багтаадгийг
Дэлээрээ үүсгэсэн туг нь шүтээн болон манддагийг
Дээд хөх тэнгэртээ өчиж хэлэхээр янцгаана
Ард олны амьдрал амар түвшин байвал
Айл бүрийн хойморт хийморь болохоор буцдаг юм.
Аюул гамшиг учирч энэлж шаналж байвал
Авралт хөх тэнгэрээс энэрэл өршөөл авчирдаг юм.
Хуримын жаргалт бэр алтан туурт нь хүрбэл
Хур сайхан дэлээрээ ерөөл дуудаж баярлана.
Хотол олноороо хохирч хороолж жагсахыг үзбэл
Хоёр сайхан нүднээсээ нулимс унагаан гомдоно.
Нууц товчооны адуу байнга бидэндээ ирдэг юм
Нутаг төр хоёр нь байгаа болохоор ирдэг юм
Нууц ил хоёрын үнэнийг хэлэхээр ирдэг юм
Нулимс инээд хоёрын учрыг олохоор ирдэг юм.
Амгалан цэнхэр бэлчээр нь өвсгүй болж хатвал
Амарч хөрвөөдөг шороо нь алтгүй болж хувхайрвал
Амсаж уудаг ус нь хорт бодисоор дүүрвэл
Адууны цагаан сүлд минь юундаа ч гэж ирэхэв дээ.
Эзэн болсон монгол нь шавар балгад бараадвал
Эрлийз хурлийз харьтан жавар хургаан суувал
Эрдэнийн сайхан нутаг нь бусдын хаяа нөхвөл
Эрхэм адууны шүтээн минь хэндээ ч гэж ирэхэв дээ
Уртын сайхан дуу устаж үгүй болвол
Уурга, эмээл, ташуур музейн үзмэр болвол
Удамт хурдан ижил нь унах эзэнгүй болвол
Унаган адууны тэнгэр минь яалаа гэж ирэхэв дээ.
2007 он

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: