11. Андгайн азарга гүү
Эдгээр харь омогтон Алхуй булагт чуулж
жажирдай Жамухыг хан өргөе хэмээн
азарга гүүг тас цавчин андгайлалдаж
тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүжээ.
МНТ 141-р зүйл
Тахиа жилийн хавар Алхуй булагт чуулсан
Талын танхай баатрууд андгай тангарга өргөхдөө
Азарга гүү хоёрыг цавчиж алсан юмуу
Азарга гүү хурааж цөмйиг алсан юм уу
Эртний хаадын товчоон ямар учиртайг хэлээгүй
Эрдэмт олон мэргэд ялгаж салгаж өгөөгүй
Ээрэм талын баатрууд ид хаваа гайхуулахдаа
Ээлж ээлжээр очиж хоёрхон адуу алаагүй дээ
Андгай хэлэх хүн бүр нэгэн адууг цавчиж
Асгарах улаан цусыг нь амсаж ёсолсон буй за.
Ард олны сэтгэлийг адууны үхлээр сүрдүүлж
Атаа таван тэнгэртээ тахил өргөсөн буй за
“Хатагины Баху Чороги баатар
Хатирч хүрэн гүүг
Хонгирадын тэрэг эмээлт Алхуйтан
Хонгор халзан байдсыг
Салжудын Чирхадай баатар
Сартай зээрд гүүг
Алчи Татарын Жали буха
Ам цагаан хээрийг
Дөрвөний Хачигун бэхи
Дөмөн шарга соёолонг
Ихэрэсийн Тугэ Маха тэргүүн
Их дэлтэй борлогийг
Найман хүчүгүдийн Буйраг хан
Нарийн сайхан хээрийг
Горлосын Чоног цагаан баатар
Гол дайрт хулыг
Мэргид Тогтоагийн Хуту хүү
Мэнгэт буурал байдсыг
Ойрадын Хутуга Бэхи
Олойртой хар хязааланг
Тайчуудын Таргудай Хирилтуг
Тавхай цагаан халтарыг
Монголын Аучу баатар
Монхор хээр гүүг
Жадараны Жамуха эзэн
Жаахан шарга азаргыг
Тасар цавчин алж
Тангараг өргөсөн буй за”
Алтан урагийн Боржигодыг өөд нар харуулахгүй гэж
Атар талын уудамдаа өөрөө эзэрхэн явах гэж
Ард олныг хямруулан өндийн босож тодрох гэж
Амь аминыхаа бодлыг өөрөө өөртөө андгайлсан юм.
Атгасан сэлмээ буцаахгүй гэж андгай таьсан нь худлаа
Амалсан үгээ няцахгүй гэж тангарга хэлсэн нь худлаа
Алхуй булагийн дэнжийг цусаар будсан нь үнэн
Адуун сүрэгийн дээжийг алдаж асгасан нь үнэн
Асар баян орон минь азарга адуугаар дутахгүй ч
Адууны цагаан сүлд худал хуурмагийг өршөөдөггүй
Агтын заяа гомдоож андгай өргөсөн тэдэнд
Авралт хөх тэнгэр өршөөл энэрэл өгөөгүй.
Захирагдаж сураагүй тэдний тахир сэлмийн ирэнд
Зайран тэнгэрийг мялаахаар тасар цавчуулан унасан
Нууц товчооны адуу нэгэн азарга гүү
Нулимсны цустай дусал болж нутгийн хөрсөнд шингэсэн.
12. Чингисийн зэвлэх ам цагаан хул
Бас Чингис хаан өгүүлрүүн:
Хүйтэнд байлдаж, ухран давших
бүхүйд тэртээ нуруун дээрээс
сум ирж миний зэвлэх ам цагаан
хулын аман хүзүүг хэн хуга харвалаа
уулан дээрээс?” хэмээв
МНТ 147-р зүйл
Хээрийн омогт баатрууд эсрэг талд жагсаж
Хэрэйдийн Тоорил ганцаар Чингисийн талд зогсоно
Хаан Чингисийн зэвлэсэн ам цагаан хул морь
Харалдай Тохурун агтчийг ханарч унатал тэмүүлнэ.
Арван гурван хүрээний хэцүү байлдаанд тодорч
Ачит эзэн хааныхаа харцанд анх өртсөн
Ауруг талсан Жүрхинийг долоон болдогт дагуулахад
Алагдах ялтай Тайчуг нэхэн гүйцэж барьсан
Бартан авгын удмыг үл тоон ихэмсэглэж
Бархагийн зоригт хөвгүүдтэй үе зэрэгцэн нөхөрлөх
Улсын бөх Бүри, Бэлгүдэйд унасан наадамд
Уралдсан бүгдийг орхиж тоостойгоо түрүүлж ирсэн
Урьдын өшил өшсөн Татар иргэдийг дарах
Улз голын байлдаанд эзэндээ анх зэвлүүлсэн
Үнэр танар нь зэвүүхэн Вангин Чинсаны морьдод
Үргэж бусгаад ойртоогүй ам цагаан хул
Хүйтэн уулын байлдаанд урагш хойшоо довтлов
Хөх тэнгэрийн ивээлээр зад урвахыг үзэв
Хөндлөн уулын дээрээс шившин тэлж тавьсан
Хөнөөлт сумын зэвд хүзүү юугаа онуулав.
Унасан эзнээ унагааж харь дайсанд өгөлгүй
Урсах цусаа дуустал эргэн давхисаар ирж
Улсын эзэн хааны эмээлийн алтан бүүргийг
Улаан цусанд зууралдах шороонд хүрэлгүй унасан юм.
Бэсүдийн цэрэг Зургаадайг Зэв жанжин болгож
Бусдын харь оронд зэвлүүлэх гэж үхсэн юм.
Булайтай бузартай хорвоог шулуутган цэвэрлэх гэхдээ
Буян заяат сүнсээ Зэв жанжинд өгсөн юм.
Алтан дэлхийг залгих аварга могой адил
Атирч нугарч сунасан цагаан хэрмийг цавчилж
Алтан улсыг дайлах монгол цэргийн магнайд
Ам цагаан хулын сүнс Зэв жанжинтай явсан юм
Аллах тэнгэртээ хараагдсан харь Сартуулд довтлоход
Арал тэнгисийг хөвөөлж Алан, Кипчакийг түйвээхэд
Алтат Киевийн вангаар дэвсгэр хийн найрлахад
Ам цагаан хулын сүнс Зэв жанжинтай явсан юм.
Эрхэс хөх тэнгэрээс эрчилж харвасан од
Ээзгий шаргал хээрийн элгэнд унасан солир
Эзэн богд өөрөө зүсэлж хэлсэн агт
Эрэмгий баатар Зэвтэй эн зэрэгцсэн адуу.
13. Тоорил ханы сохор халиун морь
Тоорил хан Уйгур, Тангадын газраар
бядан явахдаа ядарч...ганц сохор халиун
морьтой...Тэмүжин хөвүүнд ирэвээс...
МНТ 152-р зүйл
Тангуд шавар балгасны тоостой хэрмийн сүүдэрт
Тартагтаа тулсан Тоорилын сохор халиун морь
Тарианы гуурс үнэрлэн толгой гудайн зогсоно
Тааралдсан бүгдэд чичлүүлэн солжир солжир должир дохилзоно.
Таван өлөн ямаанд туг сүүлээ зулгаалгав.
Таартай будаа ачуулан туух нуруугаа авахуулав.
Танзны модоор цохиулан өрөөсөн нүдээ сохлуулав.
Тарианы хатуу сүрэлд үүдэн шүдээ цөмцийлгөв.
Шөрхлөн саадаг ямааг нь ийш тийш тууна
Шөвөгдөн ханадаг тэмээний ижил хань нь болно
Шөргөн хашаатай Тангудын харь газар хатуухан
Шөнө өдөргүй тэнэсэн Хятан Уйгур ч адилхан.
Эдэлсэн зовлондоо ханасан эзэн Тоорил зориглож
Элсэн говийг туулан Гүсэгүр нуурыг чиглэв.
Эзгүй хээрийн салхин агь таанаар ханхлахад
Эцэнхий сохор халиуны үлдсэн нүд нь нулимстай.
Хурчахус Буйруг эцгийн хул азарганы төл сөн
Хусату сүбчидийн хоолойд хөллөж боссон унага сан
Хурц дайнд зэвлүүлсэн согоо халиун морь сон
Хуурнин шуугих харцгайн даль жигүүр юм сан
Ахан дүүс хямралдахад ачит эзнээ аварч
Алтай хангай хоёрыг ажиг нь үгүй давж
Арван арван морьд тэсэж чадаагүй алсыг
Амьд ганцаар туулсан согоо халиун морь
Хар Хятанд очиж чуй мөрөнд умбавч
Харь холын Сартуулд тарианы сувгаас уувч
Хашин Тангуд хүрч Хатан голоос амсавч
Харгилах Туулаа санан амгай хэмлэн гомдсон юм.
Хэрэйдийн хан Тоорил гэж угтаж сөгдөж байсангүй
Хэзээний миний эзэн гэж унуулж арчилж явсаар
Харийн хэцүү газарт эзнээ явгалж орхиогүй
Хан Тоорилын унаа сохор халиун морь
Эзэн Чингисийн хүрээнд тэмцэн зүтгэж ирсэн юм.
Эмээл хазаараа авахуулан нуруу зоогоо илүүлсэн юм.
Эдэлж амссан зовлонгоо мартах гэж шилгээсэн юм
Эх нутгийн шороондоо сөгдөн хэвтэж хөрвөөсөн юм.
14. Мэргэдэй цагаан, ам цагаан хээр хоёр агт
Бадай Хишилиг хоёр Тэмүжинээ хэл хүргэн
очьё хэмээн үг барилдаж....үдэш гэртээ нэгэн
хурга алж исэрээрээ болгож, Мэргэдэй цагаан,
ам цагаан хээр хоёр бэлэн уясан агтыг унаж
......Чингис хаанд шөнөдөө хүрч....
МНТ 169-р зүйл
Хишилиг анддаа очихоор Бадай ноён мордов.
Хээр морио унаж хийморио сэргээхээр шийдэв
Хэл оруулж шагнуулсан, Тоорилын алтан аягаар
Хэрэйд Онхожид овогийн нэрмэл уухаар санав
Хиур туг хийсгэж алтан асар дэрвүүлсэн
Хишилиг ноёны хүрээ дэнжийг бүрхэн налайна.
Хээтэй торгоор нэмнүүлсэн мэргэдэй цагаан агт нь
Хээнцэр асарын үүдэнд сүлд л юм шиг согсоно.
Их Монгол улсын ерэн таван мянгатын
Ид дунд нь нэрлүүлсэн Бадай, Хишилиг хоёр
Ихсийн алтан аягаар амтат арзыг зооглож
Их Чэрэнгийн адуучин зарц явсанаа дурсана.
Ноёдын урвалдхуйг зөгнөсөн үүлс тэнгэртээ овоорч
Нойрмог талын тэртээд аадар сандран асгарч
Ногоот хээрийн тарвага нүхээ олохгүй төөрөлдөж
Номхон зээрд гүү унагатайгаа зугтсан өдөрсөн
Азарга сэгсэлзэн хуухирч сүргээ харамлан давхихад
Адууч Хишилэг зандарч зэвийн агтыг барьсан
Ам цагаан хээрээ мэргэдэй цагаантай хөтөлсөөр
Алтан отчигины хүрээнд оройн нарнаар ирсэн
Исгэрэх салхин ширүүсч борооны чийг ханхлахад
Ихсийн уяанд эргэцэх хоёр агт үүрсэнэ
Илдээ хурцлах чимээ ноёдын гэрээс сонстоход
Исэрээ эвдэн түлэх хоёр адууч яарна.
Айн хулгаж эмээллэхэд эзнээ үнэрлэж эргэцэх
Амы нь татан мордоход сэмхэн алхаж сайварлах
Ам цагаан хээр, мэргэдэй цагаан хоёрт
Арчлан хариулж дассан адууч эзэд нь танил
Чийглэг харанхуй шөнийг туурайн чимээгээр чочоож
Чингис хааныхаа хүрээнд үүрийн өмнөхөн хүрч
Чивчрэн дуслах хөлсөө гэрийнх нь ард унагаж
Чин үнэнч албатын хэлэх үгийг хүргэсэн юм.
Бүх дэлхийд дуурссан хөх Монгол улсаа
Бүтэхийн урьд аварсан тэр хоёр агт нь
Итгэл эвддэг ноёдыг цээрлүүлж чаддаг төрдөө
Илчилж хэлэх ардын унаа болохоор хүлээдэг юм.

Сэтгэгдэлүүд:
Хөллөж буусан Од
Нумнаас алдуурсан сумтай
Хурд хуваасан Ад
Хөхлийн боосон тахь
Хул гэрэлтэй гэнэм /Их Манлай Д.Даваахүү гуайн Өндөр зулийг /
Хөглөгэр хэлхэгэр уяч
Хөх судартай гэнэм /Их Манлай Д.Даваахүү гуайг /
Сэтгэгдэл үлдээх: