Нууц товчооны адуу - 3

7. Оготор дарги хонгор

Бэлгүдэй оготор дарги хонгороо унаж

тарвагачилахаар явсан бүлгээ.

МНТ 90-р зүйл

 

Үддээ галзуурах наран түлэх адил төөнөнө

Үзсэндээ омогдох тарвага тоглох адил хошгично

Өндөртөө сагсуурах өвс өдөх адил бөхөлзөнө

Өдтэйдээ нисэх сум Бэлгүдэйн санаагаар тусна

Оготор дарги хонгор цулбуураа чирэн унтана

Оготно зурам шивширэхэд цочиж хааяа сэрнэ

Ороож ээрэх хэдгэнийг сүрдүүлж хааяа тургина

Олойртой гэдсээ цүрдийлгэн сүүлээ хааяа шарвана

 

Нугсалзтал ачсан тарвагыг хүнд ч гэлээ даадаг

Нуруу харцага холгоод хэцүү ч гэлээ тэсдэг

Аргал түлээ, сүлдтэй авдар алийг ч гэлээ ачдаг

Авгай хүүхэд, эртэн баатар аль нь ч гэлээ унадаг

 

Шүдлэн наснаас ноолуулсан оготор хонгор номхон

Шүүдэртэй өглөө бариулж шөнийн өмнө тавиулна

Шүүрэх харцгай шиг дүүлж хурдлан давхиж чадна

Шүдгүй үхэр шиг ачуулж өдөржин гэлдэрч чадна

 

Дэлхийг эзлэх хаадыг унаанд анх сургаж

Дэггүй хөөрхөн тэднийг ойчих гэвэл зогсоно

Дэлдгэр чихээ хөдөлгөн маажиж малтвал баярлаж

Дэл сүүлээ зулгаалгаж оготор шодон болно.

 

Дэрсэнд нуугдсан туулай үдшийн бүрийгээр босож

Дэгдэн дэгдэн үргээвч гуйвж дайвж бусгаагүй

Дээрэмд автсан адууг өвсний налархайгаар мөшгиж

Дэргэн дэргэн хатиравч гурав хоногтоо эцээгүй.

 

Оготор дарги хонгор жирийн монгол морь

Орчлон даяар гайхагдсан ертөнцийн их тэвчээр

Онгон шүтээн болсон есөн агтын нэг

Одоо ч гэсэн байгаа эзнээ орхиогүй адуу.

 

 

8. Наху баяны орог шунхал, хурдан хул хоёр

Оготор хонгорыг тавиулж, Тэмүжинд

орог шунхалыг унуулав. Мөн өөрөө

хурдан хулыг унав. “...Эцгийг минь

Наху баян хэмээдэг. Би ганц хөвүүн нь,

 Боорчи нэрт бүлгээ” хэмээгээд...

МНТ 90-р зүйл

 

Бугуйлын суран гогцоо агаар зүсэн ниснэ

Буруу зөвгүй дайрах адууны тоосон босно

Бусдын зовлонд энэлэх Боорчийн өр өвдөнө

Буурал эцгийн буянаас агтын сайныг барина

 

Наху баяны тамгатай гучин азарга адуунаас

Найдаж л гэмээнэ шилсэн орог шунхал морин

Найман ганзага сэрвийлгэх задгай суман хатираагаар

Наран дуртмал талыг хага зүсэн одно.

Аруладын цэцэн Боорчийн анаж цэнэж барьсан

Агт, агтын манлай хурдан хул ажнай

Амаа булаан дугтарч бие хөндөлсөн агсарч

Агаарын цагаан салхийг хуйлраан үлдээж одно.

 

Алтан нарны туяа гуравдахь оройдоо ташихад

Асгарах хөлс нь шавхарсан агтын давхиа жигдэрнэ

Аргалын утаа савсуулах харийн хүрээнд хүрэхэд

Алдуул найман морь нь нутгийн чигтээ захлана

 

Ахан дүү Бэгтэрээ алж л гэмээнэ авсан

Аминаас үнэтэй шүтээн шаргатай найман агтаа

Атгаг санасан дээрэмд алдаж гэндсэн Тэмүжин

Анд Боорчийн хамтаар ажиж түр зогсов оо

 

Хурдан шунхал ажнай хөлсөө хатаан шилгээнэ

Хул морин тэлгүүлж сүүлээ өргөн хөнгөрнө

Хундан улаан наран асуух адил мэлтийнэ

Хуй салхи босож өдөөх адил хийснэ

 

Хөлөг Боорчийн барьсан хул шунхал ухасхийж

Хөөгдөж шивхэрсэн агтыг нутгийн зүг элдэв

Хойноос нэхэх морьтон давхин давхисаар ойртоход

Хөвчит нуман харшиж гэдрэг эргэн харвалдав.

 

Нэхэх морьтон ойртоход тоосондоо булан сугарах

Нисэх суман исгэрэхэд өрсөн дүүлж холдох

Наху баяны зэвлэсэн хул шунхал хоёр нь

Насан туршид нөхөрлөх Боорчийн ариун санаа

 

Шаргатай найман агтыг ангайлдан элдэж давхив

Шартай хартай дээрэмчинг шантраан байж давхив.

Шар далайн эргээс Дунай мөрөн хүрэх

Шандаст хурдан хүлгийн шинжийг илтгэн давхив.

 

 

 

9. Боорчийн бөгтөр хонгор

Бэлгүдэйг очиход, Боорчи эцэгтээ

хэлэлгүй, бөгтөр хонгорыг унаад,

бор өрмөгөө бөгтрөөд.... ирэв.

МНТ 95-р зүйл

 

Болзоот андын ирүүлсэн Бэлгүдэй дүү хүлээнэ

Боорчийн сэтгэл жигүүрлэн Тэмүжиний тэнд хүрнэ

Боодолтой намбага суулга дошин дээр бөртийнө

Бор өрмөг тохоостой бөгтөр хонгор эргэцэнэ.

Арулад их овогоос малын бэлчээр дагаж

Айл болон тасарсан Наху баяны хүрээ

Алдуул цэнхэр зэрэглээнд тодорч бүдгэрч үзэгдэх нь

Атар хээрийн хормойд чичирч байх шиг харагдана

 

Наху баян эцгийн адуун сүргийн тоосонд

Намбага суулга хоёртой нэгэн насыг дуусгах уу

Нармай их төрийн алтан хоромсогыг үүрэлцэж

Найр, дайн хоёрт нь зовон зүдэн дуусах уу

 

Эцгийн буян элбэг, идэж үрээд барахгүй ч

Эд хөрөнгийн баян гээч нэгэн насны зугаа

Эзэн харьяатын ёсыг эвлүүлж тогтоох хэцүү ч

Эрхэм дээд алдар гээч мянган ондоо аугаа

 

Боорчийн бодол цэгцэрч алс хэтийг чиглэв

Бөгтөр хонгор морь нь амаа булаан хатирав

Бартаа бартаа саадыг даван тэмцэхээр хатирав

Баруун гарын түмнийг аван мэдэхээр хатирав

 

Найман зуун хэвтүүл нь алхаагаар нь таньдаг

Нанхиад цагаан хэрмийг давхиагаараа давдаг

Наран гиймэл талдаа бөхөн адил хатирдаг

Найрт эзэн Боорчийн бөгтөр хонгор морь

 

Найман зууны тэртээгээс наашлан байж хатирна.

Найман гэртээ Ордсыг дайран байж хатирна

Наху баяны буйрыг эргэн байж хатирна

Нууц товчооны адуунаас ижлээ эрэн хатирна

 

 

10. Андын хоёр морь

Эдүгээ бас андлалдаж, амраглая

хэмээгээд Тэмүжин мэргидийн.....Тогтоагийн

эсгэл халиуныг Жамуха андад унуулав

Жамуха .... Дайр Үсүний эвэрт ишгэн

цагааныг Тэмүжинд унуулав...

 МНТ 117-р зүйл

 

Удуйд мэргидийн билчээр Буурын ногоон дэнжид

Уяулж зэвлүүлсэн ажнай эсгэл халиун морийг

Улс иргэд цөөхөнтэй идэр Тэмүжин өргөж

Уулгалах цэрэг олонтой Жамуха анддаа өгөв

 

Увас мэргидийн бэлчээр Талхун арлын зүлгэнд

Унаган цагаасаа хөрвөөсөн эвэрт ишгэн цагааныг

Удам гарвал доогуурхан эзэн Жамуха өргөж

Угсаат хаадын хойчис Тэмүжин анддаа өгөв

Тогтоа эзний хуяглах эсгэл халиун агсамхан

Толгой хаялан дүүхэлзэж уяан дээрээ тэлгүүлнэ

Тоймгүй олон учралаас тойрч няцаж явдаг

Тогтвор муутай Жамухыг голон гомдож эргэцэнэ

 

Дайр Үсүний зэвлэсэн эвэрт ишгэн цагаан

Дайны тэнгэрийн хүлэг шиг газар үнэрлэн унхиадна

Дэлхийн хагасыг эзлэх Богд эзэндээ ирсэн

Дэлгэр их баяраар эвшээн байж заадана

 

Хорхоног жубурын хөндий Хулдгар хуны өвөрт

Хуримлан цэнгэх дуун ихсэж багасаж уянгална

Хойморыг эзлэн цэмцийх хаадын эрхэм уяанд

Хоёр андын морин толгой зөрүүлэн зогсоно

 

Мэргидийн их найранд уралдаж байснаа санав

Мэс шивээлсэн дайнд шургаж явсанаа санав

Бурхан Халдуныг гурвантаа тойрч давхиснаа санав

Бөртэ хатныг олзлон бөгтөрч тохсоноо санав

 

Алтан бүстэй хаадыг дөрөөлөх гэхүл налж

Ал улаан нөмрөгийн хормой юугаар бүтээлгэж

Асгарах улаан цусаар дааган туураа дэвтээхээр

Алалдах цэргийн өмнө цоройж байхаа зөгнөв.

 

Дайнд үхсэн Тогтоагийн буурал үст толгойг

Давчдан зугтаах хөвгүүд нь огтолж авахыг зөгнөв

Дайр Үсүний охин үзэсгэлэн гоо Хуланг

Даяар Монголын эзний хатан болохыг зөгнөв.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. fabio (зочин) | 2009-05-17 14:12:57
but agaag huleesen shuu... ireegui tul urduur ni orov hehehe.. umshaad l yavaa shuu..
2. bukee | 2009-05-19 23:33:27
энэ шүлгүүдийг МНТ д нэмээд хийчихвэл бүүр ч сайхан байхсандаа...
3. Монгол Зон | 2009-06-13 07:52:04
za odoo guitseej unshlaa, olohoo baichihaad Bumerdenein blogoos damjij orj iren unshiv.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.