Нууц товчооны адуу - 2

4. Есүхэйн хөтөл морь

Есүхэй баатар өгүүлрүүн:

                             “Хөвгүүнээ хүргэдэд талбия...

                                          хэмээгээд

                                                                                      хөтөл мориор бэлэг өгч...оджээ.

МНТ 66-р зүйл

 

Ерхөг шивээ халиурч ногооны униар цэнхэртэнэ.

Есүхэй баатрын сэтгэл Олхунудын газар эргэлдэнэ

Есөн настай Тэмүжин зурам давхихыг сонирхоно

Ергөө хатираа хослох хөтөл морин агсамнана

 

Төрлөж ёслож аваагүй Өүлэн эхнэрийн төрхөмд

Тэмүжин хүүгээ хүргэлж нэрээ цэвэрлэхийг хүсэвч

Тойвтой яршигтай учрал сэтгэлд таагүй бодогдож

Толгой өлгөн түрүүлэх хөтөл мориндоо уцаарлана.

 

Цэгцэр Чахургын завсарт Хонгирад нутаг дуниартаж

Цагаан шонхор л зүүдлэх Дай сэцэн тааралдав.

Цэвэрхэн хөөрхөн Бөртэг эцгийн нүдээр тоож

Цээний цэцэг шиг түүнд хөтөл морио бэлэглэв.

 

Төрүүлсэн дөрвөн хүү нь дөрвөн гүрнийг эзэлж

Төрт хаадын ширээнд ташаа тулан залрах

Төөрөг заяанд төрсөн Бөртэ хатны нэр

Тив дэлхийн түүхэнд цор ганцаараа байдаг юм.


 

Хорвоод хосгүй түүний анхлан авсан бэлэг

Холын хоёр одыг холбож өгсөн хүлэг

Хаадын их товчоонд зүсий нь хэлээгүй нууц

Хамаг Монголын унага Есүйхэйн хөтөл морин

Орхиод буцсан эзнээ хараг хэмээн эргэцэв.

 

Онгон цэнхэр бэлчээрээ сонсог хэмээн янцгаав

Онон мөрнөөс тээсэн цэцгийн шаргал тоосыг

Охид нь өнгөтэй Хонгирадын салхинд тархаан шилгээв.

 

 

5. Шарга агттай есөн морь

Бэгтэр довцог дээр шарга агттан

есөн морио харж, сууж бүхүйд

...Тэмүжин, Хасар хоёр өмнө хойноос нь

үтэр харваж одов.

МНТ 77-р зүйл

Иусүст мөргөх хэрээстэнд чагталсан тэмдэг нь  шүтээн

Исламын ногоон тугтанд хавирган сар нь  шүтээн

Энэтхэг Төвдийн бурхантанд  Буддагийн дүр нь  шүтээн

Ээрэм талын Монголчуудад шаргатай агт нь шүтээн

 

Өүлэний хаягдмал хүрээ эзгүй хээрт бөртийнө

Өндөр довцогийн оройд есөн адуу бэлчинэ

Өрөм шиг шаргал агт түүний дунд гэрэлтэнэ

Өрхийн эзэн болохсон гэж Бэгтэр хөвгүүн хариулна

 

Арван хэдтэй Тэмүжин Хасар дүүтэйгээ хамжиж

Ахан дүү Бэгтэрээ харван алж орхисон юм

Атгаж төрсөн нөж алган дотор нь бяцрах мэт

Асгарах улаан цус эцгийн үнэртэй нэлийсэн юм.

 

Хээрийн бялзуухай булаалдаж, сугас барьсанд жөтөөрхөж

Хэрүүлийн булайд хутгалдан эцэг нэгтнээ хөнөөсөнгүй

Хэтийн заяа түших шаргатай агтын эзэн

Хэн нь болох вэ гэхдээ л хиймгүй үйлийг хийсэн юм

 

Цус нэгтэй Бэгтэрийн алтан амь хайран ч

Цусаар  будагдан үлдэх  алдар нэр хайран ч

Цурхиран уйлах эхийн гомдолт нулимс хайран ч

Цугаар Монголын шүтэх шаргатай агт л үнэтэй байв.

 

Наманчлан сууж хүлцсэн Бэгтэрийн эцсийн гэрээсээр

Насан бага Бэлгүдэйг Тэмүжин тэврэн уйлна

Наран гиймэл уудам уруу шарга агт үүрсэн

Нармай Монголын шүтээн эзэндээ ирсэнийг зарлана.

 

6. Сорхон шарын ам цагаан эрмэг хул гүү

Сорхон шар өгүүлрүүн

“Намайг үнсээр хийсгэн алдав.

 Эдүгээ эх дүү нараа эрэн од” хэмээж,

ам цагаан эрмэг хулагч гүү унуулж явуулав.

МНТ 87-р зүйл

 

Таргудай Хирилтугийн хар азарга хээлтүүлж эс чадсан

Тайчууд иргэдийн адууны бэлчээр эцээж эс барсан

Ташаа бөгсөө сэрийлгэн шарвахад адууны сэрэл хөдөлдөг

Тавьтар алдан дороо гишгэлэхэд газрын гижиг хүрдэг

 

Сорхон шарын ам цагаан эрмэг хулагч гүү

Солирын хурдаар нисэн одох хээрийн салхин хуй

Солонгон цэцэгтэй Онон мөрний адуун сүргийн чимэг

Согтуу тайчууд онож таахгүй ажнай хурдан хүлэг

 

Зуны тэргүүн сарын тэргэл өдрийн хуримаас хойш

Зуун зуун морьдын төвөргөөн Ононы эргийг цочоовч

Зунгагтай унгасанд зууралдан нуугдах Тэмүжинийг

Зугтаалган гаргаж заавал чадах нь эрмэг хул гүү.

 

Тэлээ хурганы мах, хөхүүр намбага тэнцүүлэн тохож

Тэлэх нум хоёрхон сумтай зайдан хаандаа унуулж

Тэртээ холын бидэр хошууны Хорчухуй болдогт

Тэнхээ шавхан тэмцэн хүрсэн эрмэг хул гүү.

 

Айж мэгдсэн эх хөвгүүдэд ахыг нь уулзуулж

Амиа бодсон овог аймгуудад хааныг нь хүргэж

Алтан дэлхийд Монголын алдарыг дуурсгах гэж

Агсран давхисан ам цагаан эрмэг хул гүү.

 

Салхитай өдөр мангир малтсан Өүлэнтэй адил

Садарсан үсээ боож мордсон Мандухайн адил

Эрээ орлох эхнэрийн адил эрмэг хул гүү

Эзэн богдын эр хоёр загалын эх нь буй за.

 

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-05-16 09:34:23
MNT (mongol togrog bish, nuuts tovchoo shuu ha ha) unshlaa, saihan yum.
2. fabio (зочин) | 2009-05-16 18:49:17
agaagaa dagaad l ail heseed baihaas.. hehehe. aduu 1 bichlegdeerhi setgegdel aldaatai bolson baij magad... yag uuriin zohioloo bairluulaachee.. busad zohioloos esh tataj holboos hiilgui... uhriin hugarhai haviraga.... shig saihan bichleg tanaas huleegeed baigaa yum aa
3. tumee ah (зочин) | 2009-05-16 23:01:52
Чацарганы бут: Уншиж буйд баярлалаа
Фабио: Монголын нууц товчоог уншвал тэнд 17 морьд орсон байдаг юм. Нууц товчоог манайхан ихээхэн мөлжсөн л дөө. Гэхдээ морьдынх нь тухай юм байдаггүй юм. Тэгээд бүр шүлгэлсэн маягаар шүү дээ. Тэгээд л ах нь ийм юм хийсэн юм. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ ахынх нь өөрийн бүтээлээ л гэх гээд бна. Бүлэг болгоны дээр нууц товчоонд гарсан морьдын хэсэг байгаа юм. Тэрийг хараад хуулаад тавиад байна гэж ойлгоод байх шиг бна аа даа. Гэхдээ л уншиж сэтгэгдлээ хувааж байгаад баярлаж байгаа шүү.
4. Галдан | 2009-05-19 22:35:57
Naiman Shargiig Tus bureer ni zusnii zadargaa hiij boloh baisan baihaa. Teguul Nuuts tobshoonii aduuniii too usuh baisan bolob uu ?
5. bukee | 2009-05-19 23:20:14
хөөөх та монгол адууг сайхан магтаж бичжээ...магтахаасч өөр яаах билээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.