Эхлэл
Мохошгүй зоригт түмэн морьтойгоо хамт тодордог
Монголын нууц товчоо адууны гэгээн салхитай
Агтын сүрт төвөргөөн хуудас бүрээс нь сонсогдох ч
Ажнай хүлэг бүхнийг зүслэн нэрлэж хэлээгүй юм
Хорвоогийн хагасыг туучсан адуун сүрэг дотроосоо
Хориодхон морины нэр нууц товчоонд бичигдэж
Хорол тоонотой гэрийн хоймор талд залагдаж
Хотол олон Монголынхоо хийморь лундаа болдог юм.
- Торголжин баяны дайр, бор хоёр агт
“Торголжин баян...дайр бор хоёр хүлэг
агттай бөлгөө”
МНТ-ны 3-р зүйл
Халдун уулын оройд үүл солонго хоёр л
Хиан овогтны хүрээнд дайр, бор хоёр л
Харцага шонхорыг нисүүлэх даль жигүүр хоёр л
Хаад харцыг гайхуулах дайр, бор хоёр л
Торголжин баяны сүрэг мянган борлог адуунаас
Тоогдож л гэмээнэ зэвлүүлэх дайр, бор хоёр л
Товцог өндөр Халдунаас торолзож бүрэлзэх газрыг
Тойрч л гэмээнэ нэрлүүлэх дайр, бор хоёр л
Гучин овогийн тэргүүнээс Торголжин баян илүүхэн
Гурван нүүдлийн газар Дува хөвгүүнд илхэн
Гурван зуун алддаа Добу мэргэн цэцэн
Гурван голын билчээртээ дайр бор нь содон
Алаг цэцгэнд мансуурах атар хээрийн нойрыг
Алтан шаргал нарнаас түрүүлж сэрээхээр янцгаадаг
Алун гоо бэрийн цацлын сүүний үнэрийг
Агаарын цагаан салхинаас өрсөж тараахаар шилгээдэг.
Догшин сүрт Халдуныг довын төдийд давдаг
Добу, Дува баатрыг хүүхдийн төдийд даадаг
Дайн, найр хоёрт нь гүйцэгдэлгүй довтолдог
Дайр, бор хоёр нь хүлэг хүлэгийн дээд ээ.
Боржигдай мэргэн эцэг төртэйгээ эн гэрээсэлсэн
Борогчин гоо хатан эртэйгээ эн хайрласан
Боролдой Суялби залуу эзэнтэйгээ эн арчилсан
Бор, дайр хоёр шүтээнтэй эн зэрэгцэнэ.
- Бодончарын орог шунхал
“Бодончар урагт эс тоогдож
“Энд юу хийж сууна” хэмээгээд
гол дайрт годил сүүлт орог шунхлыг
унаж...Онон мөрөн рүү давхиж одов.”
МНТ 24-р зүйл
Гологдон үлдсэн гомдолт Бодончарт олдсон унаа
Гол дайрт, годил сүүлт, орог шунхал
Голоо зогоож голомтоо бадраах чин хүслээр
Горьдон тэмцэхдээ тулж түшсэн орог шунхал
Өнчин ганц өвсөн эмбүүлийг өвөлжин сахиж
Өлөн чонын идшийг булаахад эзэндээ тусалж
Оорсон харцгай тэнгэр тийлэхэд даган давхиж
Оорцог болсон Бодончар эзнээ орхиогүй адуу
Нүүдлийн иргэнд эзнээ айлчлахад гадал нь хүлээж
Нүүрлэх дайнд оройлон ороход магнайд нь давхиж
Аданхан, урианхайн хээлтэй бүсгүйг олзлон бөгтөрч
Алтан урагийн хээнцэр бэрийг залсан ажнай
Инжтэй инжгүй олон хатдын санаанд тааруулж
Ив ижилхэн унуулж ноолуулсан гол дайрт
Эцэгтэй, эцэггүй олон хүүхдийг унаанд сургаж
Эмээлийн дөрөөнд бүгдийг хүргэсэн годил сүүлт
Эзнийхээ залгамж, эрх танхил Хабичи хөвүүнийг
Эрэлхэг дайчин болгох гэхдээ хааяа бусгана
Эхийнхээ гэдсэнд олзлогдон ирсэн Жажирдай хүүг
Эзгүй хээр уйлан суухад өрөвдөж сахина
Ирэх цагт тэдний удам Тэмүжин, Жамуха
Их Монгол улсынхаа төлөө хоёулаа тэмцэж
Ил дайтаж далд нөхөрлөж нэрсээ мөнхлөхийг
Эс мэдэвч ижилхэн энэрсэн орог шунхал
Нирун хиадын сүлдэр шувууг сүүлээрээ уургалж
Нийт Монголын шүтээн тугийг дэлээрээ үүсгэж
Нарт замбуулинд тарж одсон Боржигон удамдаа
Нандигнан хайрлуулсан дэлтэй бурхан, морин сүлд ээ.
3. Их Чилэдүйн хурдан хул
“Хүрч ирэхэд Чилэдү айжээ. Тэр
хурдан хул морьтой ажгуу.”
МНТ 55-р зүйл
Цэцгэн эмжээртэй Онон тунгалаг болор устай
Цэл залуу Чилэдү хурдан хул морьтой
Цэврүү адил Өүлэн туяат борхон царайтай
Цэнэж ажсан Есүхэй ах дүү олонтой.
Хамаг Монголын баатар агттай байлгүй яахав
Хатан Өүлэнээ авахдаа аатай байлгүй яахав
Хүн хүний манлайгаа мэдсэн байлгүй яахав
Хүлэг хүлэгийн манлайгаа унасан байлгүй яахав
Хурц мэсэн агссан олон морьтон ойртоход
Хурдан хулын гуянд Чилэдүйн ташуур буув
Хуй салхи шиг дүүлж хошуу тойроод ирэхдээ
Хурц дөрвөн туурайгаар Ононгийн цэцгийг тасчив.
Ханилаад удаагүй зүрх төөрөлдөхийн оньсонд булгилахад
Хагацал учрал сүлжилдэх төөрөг заяа огцомхон
Хацар гоо Өүлэний үнэрт цамцыг авахад
Хазайн байж налсан хурдан хул агсамхан
Дотно жаахан Өүлэнээ бусдын гарт алдсан
Доголон нулимст Чилэдү өс хонзон занаастай
Долоон гүвээ давж эзнийхээ амийг аварсан
Домогт хурдан хулын сувдан хөлс дуслаастай.
Өргөн Сэлэнгийн унага хурдан хул ажнай
Өнөөгийн энэ цагийг авчрах гэж довтлов
Өс хорслоор буцлах гурван мэргидийг зангидаж
Өрлөг түүхийн хүрдийг өөрчлөхгүй гэж хурдлав.
Хатан Өүлэний өсөөр Бөртгөлжин гоог булаалгаж
Хаан Чингисийн сэтгэлийг хурцалж өгөхөөр довтлов
Хамгийн ахмад хүүг хаан ширээнээс зайлуулж
Хаа холын Москвагийн хэрмийг шатаалгахаар довтлов.
Шартай хортой Цагаадайг төвийн түмнээс холтгож
Шахын сэрүүн ордонд Исламын урианд унтуулж
Долоон мөрөнд ургасан чавгын дарсанд умбуулж
Доголон Төмөр хүргэнээр ертөнцийг цочоолгохоор довтлов
Алдаа онооны дэнс нь дөрөв дөрвөөр тэнцэх
Архинд бахтай Өгөөдэйн сулхан хөвүүдийг өндийлгөж
Алтан урагт сүйлэгдсэн харь гарлын эмсээр
Ахуй төрийн хормойг сэмхэн сөхүүлэхээр довтлов.
Халифын цагаан чалмыг нялх Хүлэгүгээр мултлуулж
Хаадыг захирах Ромыг босоо бичгээр сүрдүүлж
Хангай, Хэнтийн бэлчээрт хөрвөөж өссөн агтаар
Хамгаалж чадаагүй Адриатикийн усыг цавчуулахаар довтлов.

Сэтгэгдэлүүд:
Duva maani gants nudet gedeg bil uu?
Сэтгэгдэл үлдээх: