Үүлэн зардас - 8

Хатуу цаазаар алсад цөлөгдсөн амраг нөхөр чинь

            Харьшгүй үнэнчээр мөрөөдөн санаж сэтгэн бодохдоо

            Хачин нарийхан, туранхай, уйлж гансарсан

            Халуурч дэмийрсэн хөөрхий чинийхээ биетэй

            Хачин нарийхан, туранхай, уйлж гансарсан

            Халуурч дэмийрсэн хөөрхий өөрийнхөө биеэр

            Халуун янагаар нийлэн учирч байнаа хэмээн

            Хацар дүүрэн нулимстай санаашран суудаг гээрэй.

 

    109. Алив бусад хүмүүс шивэгчин охидын дэргэд

            Айж эмээлгүй чангаар хэлж болох элдэв үгийг

            Алиман хацар хөөрхөн чихийг чинь шөргөөх л гэж

            Албаар чихэнд чинь шивнэн хэлдэг хөөрхий тэр чинь

            Алаг нүдэнд чинь өөрийн дүрийг харуулж чадахгүй

            Анхаарах чихэнд чинь өгүүлэх үгээ сонсгож чадахгүй

            Амаараа хэлэх үгээ намайг уламжлан хэлэгтүн гэж

            Амраг сэтгэлийн эрхээр дараахь үгийг найруулжээ.

 

    110. Ороонго модноо чиний л уяхан мөч адил

            Ороо согооны нүднээ чиний торомгор нүд адил

            Огторгуйн мөнгөн сарнаа чиний янаг царай адил

            Отгот тогосын өднөө чиний торгон үс адил

            Оволзох усны долгионоо чиний нуман хөмсөг адил

            Одоо юм бүгдэд чиний төс үзэгдэх боллоо

            Орчлон мэт ямар гоёмсог хүн бэ чи. Гэвч

            Орь ганцхан чи минь юутай ч ижилгүй шүү дээ.

 

    111. Хадан дээр асар баясгалант, бас хилэнт чамайг

            Хатуу улаан зос шохойгоор гоёмсог ганган зураад

            Хажууд нь өөрийгөө сөхрөн хэвтүүлж, бишрэн мөргүүлж

            Хайр сэтгэлээ илчлэн буйгаар зурахсан гэхэд

            Хар нүдний халуун нулимс эгшин зуурт асгаран

            Харах харцыг бүрхэн  бүрэлзээд болохгүй юмаа

            Хатуугаас хатуу хувь заяа минь чи бидэн хоёрыг

            Хамт зурагдан, зурагаар уулзахыг ч зөвшөөрөхгүй юмаа.

 

    112. Хааяа заримдаа азгүй би арайхийн унтаж чадвал

            Харам зүүдэндээ чамайгаа чанга тэвэрлээ хэмээн

            Хоёр гараа өөд нь өргөн огторгуйд сарвайн

            Хоосон хий тэвэрсээр, сэрж чадахгүй гаслахад минь

            Газар орны эзэн лус, ойн тэнгэр сахиуснууд

            Гайхан харж сэтгэл нугаран өрөвдөн уярч

            Гархин хэлхээ тасарсан мэт сувдан нулимсаа унагаан

            Ганхах мөчир ногоон найлзуур навч тутамд дусаадагаа.


 

    113. Хималайн хүтэн салхи шуурга шуугин исгэрч

            Харгай модны салаа мөчрийг шувтлан авч

            Ханхлах давирхайн хурц үнэрийг сэнгэнүүлэн зөөсөөр

            Хайрт чиний минь суугаа зүгээс ирэх үед

            Халуун биеийг чинь илбэн өнгөрсөн боловуу хэмээн

            Хацар нүүрийг чинь шүргэн ирсэн болов уу хэмээ

            Хагсан гансарсан сэтгэлээ тэжээх гэж, хий дэмий

            Хангинам салхийг тэврэн үнсдэг шүү, янаг минь

 

    114. Болдогсон бол барагдашгүй урт гаслант шөнийг

            Богинохон мэт түргэн өнгөрөөх аргыг олохсон

            Бүтэж үхмээр өдөр дундын ид халууныг

            Бүрхэг мэт сүүдэр үүсгэн намуун зөөлөн болгохсон

            Тормолзон харах алаг нүдэн чамаасаа хагацаад

            Тоочиж барамгүй сэтгэлийн зовлонд ихэд дарагдахаар

            Толгой дотор эргэлдэн байх элдэв санааг

            Тогтоон бодож ажил болгох хүсэлгүй болох юмаа.

 

    115. Гагцхүү ахин учрах өлзийт тэр хугацааг хүлээж

            Гар хөдлөлгүй биеэ барин хатамжин суунам

            Ганцаардан гундах амраг чи минь намайг санан

            Гансран уйлавч хэтэрхий бас цөхрөн зовоод яахав.

            Газар дэлхийд дандаа жаргадаг тийм хүн үгүй

Гайд өртөн дандаа зовдог тийм хүн бас үгүй

Гарцаагүй өртөх төөрөг тавилан өөдлөн уруудах нь

Гацаагүй эргэх тэрэгний хүрдтэй эгээ адил аа.

 

    116. Нойрсон амрах Вишну тэнгэр могойн орноосоо өндийж

            Нойтон чийглэг хурын улирал дуусах тэр үед

Намсрай эзний зэмийн хугацаа авралаар төгсөнөө

Нүдээн анин хүлцэн өнгөрөө нажидын тэр дөрвөн сарыг

Наран шинээр мандах мэт учран золгосон тэр цагт

Наминчлан одоо хүсэж буй бүх хүслэнгээ

Намрын гэрэлт тэргэл сартай гэгээн шөнөөр

Насны амраг бидэн хоёр бүрэн гүйцэд ханганаа.

 

    117. Эр нөхөр чинь үүнийг өгүүлээд бас нэмж ярьсан нь:

            Энхрий янаг минь намайг хүзүүдэн тэвэрч унтсанаа

Эгдүүцэн хашгирч уйлж орилон сэрж билээ

Элдвээр шалгааж олонтоо асуухад инээн хэлэхдээ

“Ээ муу давхар санаатаа, чамайг өөр эмтэй

Энгэр зөрүүлэн эелдэн цэнгэж, энхрийлж байхыг

Эндүүрэмгүй тод үзэн зүүдэллээ” хэмээн өгүүлснээ

Эргээд одоо санаж байна уу? Эсвэл мартсан болбуу


 

    118. Сая өгүүлсэн өөр хэн ч сорьж мэдэхгүй зүйлийг

Сонсож үзээд амьд мэнд байгааг минь итгэх бизээ

Сэргэлэн хар нүдэт амраг минь одоо намайгаа

Сэрдэж тэр зүүднийх шигээ хардан бүү бодогтун

Салж холдоход сэтгэл бас хөндийрдөг гэж

Саваагүй амьтдын хэлцдэг нь түмэн худал юмаа

Салж холдоход сэтгэлийн хүслэн хуран хурсаар

Санах тусам хайрлан дурлах нь ихэсдэг ажээ.

 

    119. Хагацалдаа гашуудагч энэлэлт түүнд минь эдгээрийг хэлж

Халаглан гаслагч зовлонт сэтгэлий нь нэгэнтээ амраагаад

Гурван мэлмийт Шивагийн Нанди бух онгичсон мэт цайрах

Гайласа уулын цаст оргилоос үтэр түргэн буцаж

Хүүхэн хонгорын минь надад илгээсэн амар мэндийн мэдээг

Хүргэн ирж бэлэг тэмдэгээр ч билээ үзүүлэн соёрхож

Хүйтэн усны харгианд унах, эс унахаа үл мэдэх

Хяруут үүрийн гүмүда мэт амийг минь авран үйлд ээ.

 

    120. Аяа сайн нөхөр өө! Мөргөн гуйсан бүхнийг минь

Андын ёсоор миний төлөө гүйцэлдүүлж өгөх нь магад аа

Анир чимээгүй, дуу гаргахгүй ихэмсэг орших чинь

Ачлан туслахыг эс зөвшөөрсний тэмдэг бишээ.

Асгарах дуслыг шүүрэн уух заадага бялзуухайг ундлахдаа ч

Алга хавсран мөргөн гуйх хүмүүсийн хүссэнийг бүтээхдээ ч

Амлах үгийг урьдаар хэлэхгүй авран соёрхдог билээ чи

Аврал өглөгийг ер нь хашгиран зарлах албагүй.

 

    121. Хөөгдөн цөлөгдөөд өнчин ганцаар энд бөртийн үлдэх

Хөөрхий намайг энэрэн өрөвдөж ачлан хайрлах нөхөр минь

Хүртээх өршөөл, нэн нигүүлслэл, найзын сэтгэлийн алинаар ч

Хүсэж гуйсан энэ бүгдийг төгс үйлдэн бүтээхээр

Хурын улирал тун ойртсоны баясгаланг ихэд бадруулан

Хувилгаан өнгөө улам нэмэгдүүлж өөрийн тааваар одохдоо

Хурц гэрлээ нэмэн цацруулах цахилгаан гялбаа амрагаасаа

Хурамхан зуур ч үл хагацахын ерөөлтэй болтугай” хэмээжээ

 

 

Уншигч танаа

 

ТӨГСГӨЛ ШҮЛЭГ

 

Хариас л олдох ногоон мөнгө бурхны гэсгээлтэй яг адил

Хаа холын нүсэр хотууд Рамын уултай эгээ ижил

Хааяагүй байх үхлийн нян араатан мэт өршөөлгүй

Хар ажлын хоног хугацаа цөллөг мэт барагдашгүй

Халин нисэх залуу нас улиран улиран одно

Хайр янаглал дотно учрал улам улам холдоно

Хагацан салсан янаг хань ураг бүлээ санан гансравч

Хатуу заяат ядуу Монголдоо буцан ирэхийн аргагүй

 

Эртний Энэтхэгийн Гувира тэнгэрийн хилэнд өртөх мэт

Эрдэнэсийн эзэн Намсрай бурханы цаазанд унах мэт

Эд мөнгө илүүхэн олж амиа зогоох л гэхдээ

Эх орноосоо алсад одож хагацлын бэрхэд унасан

Эвийлэм охид, идэр хөвгүүдийн гунигт харцыг үзээд

Элэг зүрх минь эмтрэн урагдах өвгөн би, чилж

Энхрий ханийн үнэнч сэтгэл, бат журмаа алдалгүй

Эргэн учрах болтугай хэмээн эвлүүлэн бичлээ. Үүнийг.


 

Сэтгэгдэлүүд:

1. tumeeah | 2009-04-28 22:53:27
За за энэ талын юм унших дургүй юм шиг байна. Баахан уйдаачих шиг боллоо
2. biochemiker | 2009-04-29 23:16:39
1913 онд Нобелийн шагнал хүртсэн Рабиндранат Тагорын Үүлэн зардас маш гоё бүтээл... Блогчид уншиж байгаа байх гэж найдаж байна
3. Монгол Зон | 2009-05-02 07:06:52
unshih durtai humuus zondoo l baigaa, harin ue ue dahin achaalaad baihgui bol humuus ter bur haij orohgui, il nuuren deer baigaa hedee l moljood duusdag shig sanagdsan. Tanii ene zasvarlasan bas l saihan yum, gehdee urdah humuusiin huvilbaruudtai tulgah bolomj baihgui baina aa.
za urgeljluuleed baigaarai. Tanii oguulleguudiig harin odoonii huuhduud unshaad baigaa haragdsan.
4. fabio (зочин) | 2009-05-03 21:42:37
huue bi tasraltgui umshij baigaa shuu. harin setgegdel l bicheegui bas tedniig umshaagui bolohoos....
5. Пүрэвсүх (зочин) | 2009-10-24 03:02:40
Түмээ ах Үүлэн зардсыг бодвол бүтнээр нь орчуулсан бололтой. Таны энэ орчуулгыг судалгааны ажилдаа ашиглах гэсэн юм бүтнээр нь яаж олох вэ? Надад тус болооч Миний E-mail хаяг энэ: yondann111@yahoo.com

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.