- Босгоны цаадах өнгөт цэцэгээр өдрийг орлуулан
Бороотой нартай аль ч үед тэмдэглэж мөлхсөөр
Буцан очиход үлдсэн хоногийн тоог мэдэхсэн гэж
Будилан будилан тоолж суугаадаа хөөрхий минь
Эсвэл надтай уулзан учирч байнаа гэж
Эвцэлдэн тэврэлдээд ингэнэ дээ, тэгнэ дээ гэж
Энэлэх сэтгэлээ хууран дүрслэж сэтгэн суугаа
Эмэгтэй хүн амрагаасаа холдвол тэгдэг ёс бас бий.
- Ажил үйл хийж түр ч гэлээ сатаардаг болохоор
Аливааг хүлээн суугчдад өдөр нь арай хялбар
Амрагаа санан хүсэхэд нойр хүрэхгүй тийчлүүлэх
Айдас мэт ганцаардлын шөнө л үнэхээр хэцүү
Цурамхийх нойргүй болж өөрийгөө үл хайхран
Цаг нөгцөөх арга олдохгүй элдвийг санаашран
Цайх үүрийн гэгээг хүлээж хөсөр хэвтэх үед л
Цонхоор шагайж миний тухай ярьж өгөөрэй.
- Хатуу хүлээхийн зовлонд эцэж турсан хонгор минь
Ханхай орон дээрээ хажуугаараа атийж хэвтэх нь
Хас чулууны хүйтэн гэрлээр дорно зүгээс гарагч
Хавирган шинэ саран мэт харагдах буй за
Хоёулаа үргэлж цэнгэлдэн жаргадаг урьдын цагт
Хоромхоноо өнгөрөх тул богинохон мэт санагддаг шөнө
Хоёр нүдний нулимсаа асган ганцаардан хэвтэхэд
Хосгүй уйтгартай, уртаас уртыг хэлээд яах вэ.
- Дандаа, рашааны шүүдэр мэт сэрүүн туяа тусгах
Далай цагаан сарны гэрэл цонхоор гэрэлтэхийг
Дагуулан хардаг зовлонт өртөөгүй азтай үеийн
Дадсан зангаараа урьдын адил хяламхийснээ больж
Дэндүү асгарах мэлмэгэр нулимсанд нэвт норсон
Дэрэвгэр сормуусаар устанги нүдээ халхлах гэх нь
Дэвтэнги чийгтэй манант өдөр линхува цэцэг
Дэлгэрэх ч бус, хумбих ч бус хөдлөхтэй адилаа.
- Угааж тослоогүй удсанаас ширүүн болсон үс нь
Унаж ойчоод тогтохгүй хацар шанааг нь эрвэгнүүлхэд
Улаан өнгө нь буурсан ч цэцгийн цоморлиг шиг хөөрхөн
Уруулаа цорвойлгон шүүрс алдан хэвтэхдээ
Унтах нойрондоо надтай уулзан зүүдлэх болуу гэж
Уймран горьдож, түргэн унтахыг хэдий хүсэвч
Урсан урсан дэр норгох усан хэлхээ нулимс нь
Ундрах булаг шиг асгаран зүүд нойрыг таслам заа.
- Цөлөгдсөн хугацаа дуусаж гэртээ харьсан тэр цагт
Цөхөрсөн миний гараар л тайлан задлуулах ёстой
Цэцгэн чимэгээ авч хагацсан тэр гунигт өдөр
Цэгц журмыг андгайлан өөрөө сүлжсэн гэзэг нь
Хуурай шиг ширүүн, чийглэг боловч үл гялалзах
Хуйхандаа хөндүүр, хүрэхэд өвчтэй ганц сүлжмэл нь
Хумиралдан унахад хацар нүүрнээсээ зайлуулах гэж
Хумсаа аваагүй хуруугаараа эгдүүцэн түлхэж байгаа даа.
- Гоёмсог засал чимгээ нэгэнт тайлж, зүүхгүй удсан
Голын хайртай хөөрхий тэр минь эцэж турсан
Горзгор нарийхан биеэрээ орондоо арайхийн хэвтээд
Гомдох сэтгэл нь тайтгарахгүй өндийгөөд дахин хажуулахыг
Ганцхан хараад л зүдрэн зовсоныг нь өрөвдөн харамсах чи
Гарцаагүй хурын усан нулимсаа асган уйлна даа
Газар дэлхий дээрх энэрэнгүй сэтгэлтэн бүгд
Гансран хайлж бусдын зовлонг хуваалцдаг бишүү.
100. Танилцан золгохоор чиний очиж буй
Тэр бүсгүй надад нэн амрагийг мэддэг болохоор
Таслагдан хагацаад ийм байгаа болуу гэж
Тааж сэтгэсэн бүгдээ өгүүлэн ярьсан билээ би.
Тэнэг намайг чалчаа хэмээн бүү бодогтун
Тэнгэрийн доор үнэхээр би азтай амьтан шүү
Тэмдэглэн хэлсэн энэ бүхэн үнэн болохыг
Тэртэй тэргүй өөрөө чи удахгүй үзнээ.
101.Бодож үзбэл гөрөөсөн нүдэт тэр эмэгтэй
Буландаж харах нүдний уран хөдөлгөөнт харц нь
Боолтноос сугаран сул унжсан үсэндээ хашигдан
Бадмын тос түрхүүлж ялдамаар гялалзахаа болиод
Балга архи ч цээрлэснээс хөлчүүрэн талимаархаа орхиж
Бадрангуй амрагийн санааг нэвтрүүлэхээ түр мартавч
Бадам линхувагийн дэлбээ загас үсрэхэд хөдлөх мэт
Баярт мэдээ сонсоод гоо болох ч магадгүй ээ.
102. Үйлс заяа нэгэнт буруутаад сувд чимгээ орхиж
Үнсэхийн хүслэнт надтайгаа дэр нэгтгээгүй удахад
Үнэт гадилын зөөлөн цагаан иш мэт туяарах
Үргэлж надаар илүүлдэг зүүн цагаан гуя нь
Урьд миний үлдээсэн хумсны минь тодхон ором
Удаан хүрээгүй болохооор арилсан нь мэдээж гэлээ ч
Усан баригч чамайг миний төлөөнөө очсоныг мэдмэгц
Учиртай чичивхийлж татганан хөдлөх ч юуны магад аа
103. Өндөр үүл минь чамайг очиход хөөрхий тэр минь
Өчүүхэн ч гэлээ нойрсох хувь заяа хэрвээ олдоод
Өөрийгөө надад тэврүлж байгааг үнэн мэдэрч
Өөрөө ч намайг хүзүүдэн тэвэрснээ бас мэдэрч
Амтат зүүдэнд умбан жаргаж байх аваас
Амрагийн ороонго мэт тэврэлтээс хайргүй салгах
Аянгын сүрт дуугаа хориглон түр хүлцэж
Амгалан нойрноос сэрэхийг аажуу уужуу хүлээгээрэй
104. Мааладын шинэ цэцгийн цомирлогийг өргөсөн
Манарсан шиврээ бороооны усаар сэрүүцүүлж хөргөсөн
Мяндсан зөөлөн салхиараа илбэх мэт үлээлгэж
Мянган зовлонт амрагийг минь сэвэх мэт сэрээгээрэй
Аймшигт луугийн хүрхрэх дуугаа өрөвдөн намсгаж
Аянга цахилгааны ялгуун гэрлээ өвөртөө нууцалж
Чамайг даруухан угтан харах гэрэлт цонхоор
Чанга яруухан уран сонстох үгээ хэлээрэй
105. Хувь заяат хатан минь та бэлэвсэн бусаа
Хурын үүл би хайрт нөхрийн чинь андаа
Хуурмаггүй түүний сэтгэлийн үгийг танд хүргэхээр
Хурдлан явсаар алс холоос арай ядан ирлээ
Хагацсан хосыг уулзуулж эхнэрийн сүлжмэл гэзгийг
Хаа хол одсон аянчин нөхрөөр нь задлуулах гэхдээ
Хурц гэрэлт аянгаар замын хүнийг шамдуулагч
Хурмаст тэнгэрийн хувилгаан хүчит үүл байна гээрэй.
106. Тийм гайхамшигт үгийг сонсоод амраг эхнэр минь
Тэсгэлгүй баярт сэтгэлээр чамайг сонирхон харах нь
Тэртээ дээр үед үнэр хөлөглөгчийн хүү Вануманыг
Тэвчээрт Шита итгэл дүүрэн үзсэн мэт хүндэтгэнэ дээ
Авааль эхнэр нь нөхрийнхөө тухай үнэн мэдээг
Анд найз нь хүргэн ирснийг сонсон суухдаа
Амраг эртэйгээ амь биеэрээ уулзан учрахтай
Ав адилхан шахуу санаж бахдан баярлам заа.
107. Бусдад тусалбал өөрийн үйл аяндаа бүтнэ шүү
Бууршгүй наслагч та, миний үгийг ингэж дамжуулна уу
Буруудан осолдсон амраг чинь Рамын ууланд
Буянт чамаасаа салан хагацсан ч амьд байна
Булбарай чинийхээ амар мэндийг асууж байна
Буцан эгэх хоног хугацааг тоолж сууна гэ
Буруу ч бай зөв ч бай ийм үгээр ам нээж
Будант хорвоод төөрөн зовогсод мэндээ мэдэлцдэгээ.
108. Хатуу цаазаар алсад цөлөгдсөн амраг нөхөр чинь

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: