Үүлэн зардас - 6

  1. Хамгийг гийгүүлэгч гэрэлт наран мандах өглөө үзэхэд

Харанхуй шөнөөр янагтаа очсон тэндэх хүүхнүүдийн

Хар гэзэгнээс унасан мандара цэцгийн сайн навчис

Хасын хоолойноос тасран ойчсон сондор чимэг

Хацраа шүргэхэд салсан чихний чимэг линхува

Хамаагүй яарахад хаягдан үлдсэн шар сувднууд

Хөхний хөдөлгөөнд утас нь тасарсан цэцгийн цагариг

Хөглөрөн цуварч шөнийн гүйдлийн замыг заанам.

 

  1. Аливааг захирагч Шиваг тахил үйлдэхэд  үймүүлчихээд

Асар хилэгнэсэн нүднийх нь галд хуйхлагдаж хашраад

Ахиж Шивагийн хажууд зөгий сумт нумтайгаа очоогүй

Амрагийн тэнгэрийн гунигт домгийг сайн мэддэг гэлээ ч

Буянт Намсрайн итгэлт нөхөд алиа гоё эмсүүд

Буландах нүдээ амрагийн зүрхийг оногч сум болгоод

Буугаад үргэх зөгий шиг харцаа, нуман хөмсөгөөр нисгэж

Бусдаас нууцхан сэтгэлээ илчлэн инээд наадам болцгоодог.

 

  1. Эрхэм гоёлын зүйлс, ганган хээнцэр хувцас

Эмэгтэйчүүдийн биеийн чимэг болох бүх юмс

Эрвэлзэх нүдний харцыг тачаангуй болгон гялалзуулж

Энгэр зөрүүлэх шидийг нэмдэг янагийн сархад

Элдвийн хээ угалз, дэлбээлэн буй турьхан цэцэг

Энгүй сайхан гүмүда цэцэг мэт хөлийн улыг

Эгэлгүй тансагаар будах эрхэм дээд улаан будаг

Эрдэнэт галбарварас модноос энд цөмөөрөө гардаг юм.

 

  1. Хутагт Намсрай бурханы долоон давхар ордноос

Хойд зүгт, чиний заавал очих миний гэр бий

Хурмастын нум болох өнгө ялгуун солонго мэт

Холоос харагдах нуман хэлбэрт хаалга бий.

Хаалганы хоёр талаар эгнэн угтах мандара моддын

Хайрт эхнэр минь өргөмөл хүү шигээ асран ургуулсан

Хараад ханашгүй хамгийн сайн цэцгийн цоморлиг

Хажуу талдаа гар шүргэм сагсайн унжиж буй.

 

  1. Манай гэрийн хажууд эрдэнэсээр хийсэн цөөрөм буй

Маргад эрдэнээр зам, хашлага, гишгүүр үйлдэж

Манаар навч нахиаг, индринал эрдэнээр ишийг сийлсэн

Маш гоёмсог алтан дэлбээт гүмүда цэцэг суулгасан байгаа.

Маягтай хээнцэр тэр цөөрөмд хунгийн сүрэг дасаад

Манхан цагаан үүл чамайг ч дагаж нисэхээ болиод

Манас нуураа санагалзах угийн санагаа орхиод

Машид амирлан энэлэлийг мартан цэнгэж буй.


 

  1. Хөх хасын гэрэлт чулуугаар асга хадыг сөхийлгөн урласан

Хөөрхөн жижиг цэнгэлийн хиймэл уул цөөрмийн хөвөөнд бий

Хүрээлэн шигтгэсэн гадилын алтан мод нь жинхэнэ мэт

Хүмүүсийн сонирхлыг татдаг болохоор чи анхааран харнаа.

Эргэн тойрондоо цахилгаан гялбуулан алтлаг гэрэл цацраах

Эгцлэн сүмбэрлэх биеийнхээ энд тэнд усан бөөмс цэнхэртүүлэх

Эрдэнэсийн хөхөлбөр үүл чамайг адилтган сайтар хараад

Эвий янаг минь дурладаг тэр уул, санаанд одоо тодорном.

 

  1. Гүмүда цэцгийн сэрүүн сэхээвч тэнд арал мэт бий

Гурвуга цэцгийн үүсгэмэл цэцэрлэг тэнд нуур мэт бий

Ганган эмэгтэй хөл хүрвэл сая цэцэглэх учиртай

Гаслангүй улаан мод хоосон навчаа намилзуулан бий

Гэрийн эзэгтэй дарс тургивал сая цэцэглэх жамтай

Гэсрийн сайхан мод цулгуй мөчрөө туялзуулан бий

Гэрээсээ хөөгдсөн миний адил нэг нь балга дарс, нөгөө нь

Гэгээн туяат амрагийн минь хөлийг үнсэхийг горьдсоор буй.

 

  1. Ургасан атлаа зоосон мэт тэдгээр моддын дунд

Усан болроор ганжир хийсэн алтан багана сүндэрлэн бий

Улбартан шаргалтах тэр багананд шигтгэсэн өнгөт эрдэнэ

Ургаж эхлэх хулс мэт ногоон гэрэл цацруулж буй

Уран тансаг бугуйвчаа харшуулан байж миний амраг

Удаан түргэн хэмийг тохируулан хөөрхөн алгаа ташихад

Усан баригч чиний сайн нөхөр садан төрөл тогос шувуу

Удтал бүжиглээд ядрахдаа тэр багананд суудаг билээ.

 

  1. Хайрт анд минь ээ. Миний цээжинд хадаастай байгаа

Хамгийн содон тэмдэг бүхнийг хэлж өглөө. Бас

Хаалганы хавтсыг чимсэн лавай, хос линхувагийн

Хачин хээнцэр зургаар хайж олох буй за.

Халуун наран шингэсний дараа линхува цэцгийн

Харагдах жинхэнэ гоо өнгө буурдагтай адил

Хагацан үлдээд надгүй өнчирсөн орон гэр минь

Хуучин жавхаа нь ихэд багассанаар танигдах буй за.

 

  1. Замын сааданд тээглэхгүй хурдлан очихыг хичээж

Зааны тугалын чинээ жаахан болж хувилаад

Зааж түрүүний ярьсан цэнгэлийн хиймэл уулын

Загал хөх асганд залран хүрч буугаарай.

Цоргим хурц цахилгаан, гэрэлт нүднийхээ харцыг

Цох хорхой гэрэлтэх мэт бүүдгэр сүлэмхэн болгоод

Цочоож айлгахаас эмээж чимээ аниргүй ойртож

Цонхоор сэмхэн шагайж гэр доторхийг хараарай.


 

  1. Энхрий янаг минь идэр залуу, бие чилгэр, өнгө ялдам

Инээх уруул нь бямба улаан, ойртвол жимс үнэртэм

Эрвэлзэх нүд нь цочсон янзаганы нүд мэт хөөрхөн

Эгнэн жигдрэх шүд нь хурц цагаан, сэрүү татам гэрэлтэй

Хөх нь том, сэргэр, шүргэвэл чичрүүс хүрмээр

Хүйс гүн, гуя зузаан, бэлхүүс нарийн, алхам алгуур

Хатад гүнжийг бүтээгч Эсрэн тэнгэр өөрөө дурлахаар

Хамгийн ганганыг үйлдсэн нь миний амраг магад мөн.

 

  1. Хагацал зовлондоо гансран бүрэг ноомой болж

Хань ижлээсээ салсан эм ангир мэт цөхрөгч

Хоёр дахь амь минь бологч хөөрхий миний эхнэрийг

Холоос зорьж очсон болохоор сайтар таньж аваарай

Хүлээх зовлонгийн урт өдрүүд, гаслант шөнүүдэд

Хүлцэн шаналсаар урьдынхтайгаа адилгүй байж мэднэ

Хүйтэн намрын цан хяруунд цохигдон чичрэгч

Хэнз линхува цэцгийн өнгө ихэд буурсан байдаг даа.

 

  1. Эвий хонгор тэр минь гунихран уйлан уйлсаар

Эрэвгэр хоёр нүд нь бүлцийн хавдсан буй за

Ээрэх мэт тасалдах урт шүүрс алдан алдсаар

Энхрий хоёр уруулын өнгө нь бүүдгэр болсон буй за

Чандага цагаан царай нь гэрэлтэх туяагүй будангуйрч

Чамд халхалагдах саран мэт сүүмгэр болсон буй за

Эвлүүлж засалгүй удсан сэвсгэр үснийх нь хагас

Эрүүгээ тулсан нүүрийг нь сүүдэрлэн халхлан буй за.

 

  1. Өнгөт үүл чамайг анх харахад хонгор тэр минь

Өршөөл гуйн залбирч байгаа. Үгүй бол

Өөдгүй минйи эцэж турсан одоогийн төрхийг

Өрөвдөн шимширч цээжиндээ зурж суугаа. Эсвэл

Өлгөөстэй торонд жиргэн донгодох шрига бялзуухайгаас

Өөрийнхөө эзэн миний нөхрийг санадаггүй гэж үү

Өөдгүй чамайг ихэд хайрладаг байсан биш үү гэж

Өөнтөглөн зэмлэж зовлонгоо хуваалцахыг хүсэн зогсоо.

 

  1. Учирсан зовлонг хуваалцагч анд сайн нөхөр минь ээ

Удтал угаагаагүй хирт хувцастай хонгор тэр минь

Уянгат пипа хөгжмөө өвөр дээрээ тавиад

Удамт нэрийг минь дуурсгах дуулал зохиохыг хичээвч

Уйлах тусам ихсэж ундран гарах нулимс нь

Утаст пипагийн чавхдасыг чийг цохиулан таслаад

Урьдын бодож олсоноо нийлүүлэх санааг мартуулж

Уйтгарт дарагдсан ухаан нь сэргээн сануулахгүй байгаа.


 

 

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-05-02 07:17:41
hoh ni serger huis ni gun, guya ni buduun belhuus ni nariin enetheg busguig tosoolj alsad manand umban mansuurah shahav, yanztai shuu.
2. Орнелла | 2009-09-22 11:06:56
Чабу айхавтар мэдрэмжтэй уншжээ Ироочиг сэтгэлгээ ихэд хөгжсөн авай
3. Chabu (зочин) | 2009-09-22 13:42:35
ha ha, ene Tumeeax ni haachsan yum bol?
huvilgaan mend uu
4. Орнелла | 2009-09-22 23:47:29
Мэнд ээ хө, энэ хавиар эргэлдээд л байна Түмээ ах сураггүй

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.