Үүлэн зардас - 5

 

  1. Ахин явсаар охин тэнгэрийн толь болсон Гайласа уул хүрч

Арван гарт Раванад бэлээ ноолуулсан түүний зочин болом заа

Ариун цагаан Гүмүда мэт оргилоор огторгуй тулсан тэр уул

Авралт гурван мэлмийт Шивийн инээдэм биелсэн  мэт үзэгдэнээ

Ард олон Шива тэнгэрийн инээдэм хэмээн нэрлэж

Ариун цагааныг тоочихдоо цаст Гайласа уул, намрын саран

Айравада нэрт цагаан заан, цан хүүрэг, гүмүда цэцэг

Амтат сүү, өнгөт сувд, үнэрт гаврыг хэлдэг ажээ.

 

  1. Хөхрөн цэнхэртэж тосын өнгөөр гялбалзах үүл чи

Хөглөрөн дүнсийж аажим урагшлан нэвсийн хүрч

      Хоёр уугч зааны шинэхэн хугарсан соёо мэт

      Хосгүй цагаан Гайласа уулын оргилыг бүрхэх нь

      Хүчит баатар анжисчин Баларама дайнд бэлтгэн

Хүдэр чийрэг хоёр цагаан мөрөндөө дандаа хэдэрдэг

      Хөх бараан нөмрөгөө алгуурхан өмсөх мэт

      Хөөн бодож тогтуун ажваас нэн сонин үзэгдэнээ.

 

  1. Эрхт дээд Шива тэнгэр энэрэн өршөөж

Эрээн могойн амьд буйгуйвчаа мултлан авч

Эхнэр Умадаа мутраа сунган ээм түшилцэж

Эгэлгүй цэнгэлээр энэ уулнаа зугаацаар одвол

Элбэг ариун хурын усаа хуваан тогтоогоод

Энхрий Умагийн алхамд таацах шат болгоод

Эрхэм тэдний өлмийн өмнө замчлан үйлдэж

Эрдэнийн сайхан Гайласа уулнаа хүргэж өгөөрэй.

 

  1. Уулнаа суух ганган гоолиг тэнгэрийн хатагтай нар

Усан баригч үүл чамаас бороо оруулахыг шаардан

Усыг чинь гоожуулж угаал хийхийг хүсэхдээ

Уран бугуйвчийн үзүүрээр цоолохыг оролдон чичнэ шүү

Улмаар салж өгөхгүй элдвээр гижигдэн хашраавал

Угаас зун цаг тул наргианч тэр авай нарыг

Ухасхийн зугттал чихий нь дөжрүүлэн сүрдүүлж

Уянгалах аянгын сүрт дуугаа нижигнүүлж орхиорой.

 

  1. Индира тэнгэрийг баясгагч Айравада цагаан зааны

Илт гэгээн дүрийг эгшин зуур олж хувираад

Ижилгүй тансаг алтан тоорцогт линхувагаар бүрхэгдмэл

Их Манас нуурын эмт усыг амтлан уугаарай.

Усан дуслаар нэвт дэвтсэн үнэр хөлөглөгч салхиар

Ургамлын хаан галбарварас модны найлзуурыг ганхуулж

Улам улам төрөл бүрийн шидэт үзэмжийг үүсгэн

Уулсын хаан Гайласа хайрханыг баясан цэнгүүлээрэй.


 

  1. Аяа, салхин аясаар дураараа одогч, үүл минь ээ

Аялах замын чинь үзүүр Алага балгад тэнд оршдог оо.

“Амрагийн өвөрт Гангын усан хувцас тайлаад орсон мэт”

Аугаа Гайласа уулын элгэнд Алага балгад эрхлэн байдаг аа

Ажиглан хараад түүнийг лавтай таних бизээ.

Асар тагтад долоон давхар цагаан байшин нь

Алтанд хэлхсэн сувдаар үсээ чимсэн хатагтайн адил

Агаарын цагаан үүлээр ямагт хүрээлэгдэж байдагаа.

 

  1. Энэ холоос дүрслэн бодвол тэр асарт харш

Энгүй өндрийг эзэгнэх үүлсийн чуулгантай адилхан

Элдэвийн өнгөт зураг нь чиний цахилгаан гялбаатай

Эвийлэм гоо охид нь чиний үзэсгэлэнт солонготой

Эгшигт хэнгэрэг хөгжим нь чиний аянгын сүрт дуутай

Эрдэнээр өнгөлсөн хана нь чиний хурын гялалзах устай

Эрхэмсэг гоо оршихуй нь чиний эрхэмсэг сүрлэг биетэй

Эгээ адилхан болохыг одоо л би харж байнам.

 

  1. Хатагтай нар нь тэнд линхува цэцэг атгаад

Хар сайхан гэзгэндээ гүмүда цэцэг хатгаад

Хяруу цагаан лодра цэцгийн оо түрхэж

Хасын туяат царайгаа цайвгар цагаан болгодог юм.

Үсэндээ гурвуга цэцэг сүлжин долгио суулгаж

Үнэн тансаг шриша цэцгээр чихний дэлбээгээ чимж

Үлээх салхиар чиний очиход цэцэглэн дэлгэрсэн

Үзэмж төгс гаадамбын цэцгээр шанхаа гоёдог юм.

 

  1. “Үргэлж цэцэглэгч тэндэх модыг зөгий бужигнан тойрч

Насад цэцэглэгч линхуваг хун цэн хүрээлэн эргэж

Хэзээд гялалзагч өдөт тогос донгодон дуугарч

Үүрд гийгч сарны гэрэлд шөнийн харанхуй дарагдам.”

 

  1. “Тэндэх ягшас гагцхүү жаргалын нулимс бөмбөрүүлж

Гаслангүй, гагцхүү янагийг мэдэж бие сэтгэл нийлэм

Амрагууд хэрэлдэхээс өөр хагацахыг үл мэдэн

Орь залуугаас өөр өтлөхийн дүрийг үл үзэм.”

 

  1. Яргай цагаан чандмана молор эрдэнэн харшийн

Яралзах одод туяаран тусах үзэмжит тагтнаа

Ялгуун гоо баясгалант охидтой цэнгэлдэн жаргаж

Ярилцан сууж инээлдэн баясах тэндэх ягшас

Ялдам үнэрт галбарварас модны жимсний шим

Янагийн сархдыг амтлан шимж хүчийг олоод

Яруу сайхан чиний аянгын цоглог дуутай

Яг адилхан дуугарах хэнгэрэг дэлдэн сонсдогоо.

 

  1. Ганган хээнцэр нь даанч хэтэрхий тэндэхийн охид

Ганга мөрний сэрүүн салхийг сөрөн алхалж

Ганхан гунхах мандарваа модны сэрүүн сүүдэрт

Гал халуун зуныг мартан тоглон нааддагаа.

Тэнгэрийн тааллаар тэнд эндгүй хөглөрөн хэвтэх

Тэмтрэм том зэндмэнэ эрдэнийг түүж аваад

Тал бүрдээ сул асгарах элс шиг алтанд булж

Таалцан эрж эс оловч инээлдэхээс бус харамсахгүй ээ.

 

  1. Мандарваагийн жимс мэт улаан уруулт хүүхнүүдийн

Магнаг торгон хээнцэр хувцсыг тачаангуй амраг нь

Мансуурсан хүслийн их хүчээр угзран тайлж

Мяндсан бүсийг шувтлан нүцгэлж таалж эхлэхэд

Мариалаг энхрий биеэ ил болсонд ичиж улайгаад

Мандан бадрах гэрэлт эрдэнийн зулыг унтраах гэж

Манарсан цагаан оогоо атга атгаар цацавч

Махарсан тэр оролдлого дэмий хоосон болдогоо.

 

  1. Усан баригч чамтай адил том үүл тэнд хүрээд

Урсах салхины хүчээр бүгдийг захирах ноён адил

Уул мэт долоон давхар асарт харшнаа ихэмсэг ороод

Уран тансаг зургийг усан чийгээр гэмтээчихээд.

Уршиг яршигийг  нэгэнтээ мэдмэгц айн ухасхийж

Урт хэрэм өндөр ханыг мөргөлөн бутарч, уур болон

Уйтан цонхны нүхээр савсан савсан зугтаах нь

Уугих утаа болсон мэт хөгтэй сонин харагданаа.

 

  1. Үзэсгэлэнт гоолиг эмс амгаланг олгогч амраг лугаа

Үнгэлдэн ноололдож тэврэлдэн эвцэлдээд түр салахад

Үүл чиний халхлахаас мултарсан мөнгөн саран

Үүлгэртэх шөнийг тунгалаг болгосон гэгээн гэрэлд

Үзэсгэлэнт лавирын дээрээс туяа цацраан унжих

Үрлэн эрхи шиг хэлхээстэй саран зэндмэнэ эрдэнэс

Үлэмжийн тунгалаг шүүдрийн дуслыг аажмаар унаган

Үнсэлцэн цэнгэсний амтат чилээг арилган сэрүүцүүлдээг.

 

  1. Энэрэх сэтгэлээр элбэг тэндэхийн ягшас нар

Эдлээд барахгүй баялагтай энхрийлж тачаах дуртай

Эгэлгүй тансаг сайхан Вайбранз цэцэрлэгт хүрээлэнд

Эгнэшгүй тансаг сайхан тэнгэрийн дууч эмстэй

Эрдэнэсийг сайтар атгагч, цэнгэл жаргалын эзэн

Эрхт Намсрай бурханд эрхэм магтаал өргөж

Эгшиглэнт гинарас хөгжимдөн инээж хөөрөн цэнгэх нь

Эрт орой ялгаагүй эцэс төгсгөл байдаггүй.

 

Сэтгэгдэлүүд:

1. Орнелла | 2009-04-26 12:45:47
Түмээ ах зохиол бичдэг хүн үү? Нас сүүдэр хэдийг зооглож байна даа? Үүлэн зардас сайхан байна шүү
2. tumeeah | 2009-04-28 03:00:47
Усны хувилгаан: Ганц нэг юм оролдож л суудаг юм. Насаа хэлэхээр та нар уншихаа больчих болов уу гэж бодоод бна даа.
3. Орнелла | 2009-04-29 23:27:43
Юутай ч надаас насаар залуу л байж таарлаа
4. Монгол Зон | 2009-05-02 07:13:34
Магнаг торгон хээнцэр хувцсыг тачаангуй амраг нь

Мансуурсан хүслийн их хүчээр угзран тайлж
za end ch saihan heljee,

ene urd ni dahin dahin 1 gej yunaas salgasan yum bol? 5 dugaar hesegtee l yavj baigaa biz dee?

Usnii huvilgaan nasiig ni medeh sonirhol ih l baigaa bololtoi. ha ha
5. Орнелла | 2009-05-02 08:05:15
Хош, Чабу! Өтөл хүнээр доог хийгээд байгаарай
6. Chabu (зочин) | 2009-05-02 11:31:18
Huvilgaantan orshoono uu, bolhi bi buruutai bololtoi.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.