- Шива тэнгэрийн үрс болох тэр зургаан эр
Шид хүч чадлаараа хожим нэгдэж нэг болоод
Гайхамшигт зургаан толгой арван хоёр мутартай
Ганган тогос шувуу унадаг Сканда тэнгэр болжээ.
Гүмүра гэгдэх дайны тэнгэр Скандын тэр тогосыг
Гялбалзан бүжихэд нь аянгын дуугаар хөгжимдөөрэй.
Сар туяарах нүдтэй Ума эх Сканда хүүгээ энхрийлж
Сайхан тогосоос унасан өдөөр линхувт чихээ чимдэг юм шүү.
- Скандын сүмд тахил өргөөд хулсны цэцэрлэгээс гарахад чинь
Сайхан ятга тэврэн явах хүмүүн бус эр, эм бүтэгсэд
Салаа чавхдасаа чийг аван хөг алдахаас эмээж
Сандран зайлж чиний замаас холдон зугтаах нь үзэгдэнэ.
Рандидэвийг хүндэлж аян замаа түр зогсоогоорой
Алдар нэр нь мөнх үлдсэний учрыг асуугаарай.
Анх үхрээр тахил үйлдэж шүтээн болгож
Алаг дэлхийд цусан гол тогтоосон гэцгээх бий.
- Кришна тэнгэр шиг хөхөлбөр өнгийг олсон чамайг
Харшин урсах их голоос усан барихаар тонгойх үед
Өргөн сайхан тэр голыг өндрийн өндрөөс ажвал
Өнцөг булан нь тасархайтан урт нарийн үзэгдэх тул
Огторгуй сансрыг эзэгнэх тэнгэр бурхад харахдаа
Онцгой сайхан Индринал эрдэнэ голд нь зүүсэн
Олон сувд хэлхсэн гоёмсог урт сондорыг
Онгон хатан дэлхий ээж хүзүүндээ зүүжээ гэцгээнээ.
- Дашабура хотын хүүхнүүд нүд хөмсгөөр алиалж
Даанч чадамгай нааддаг тул голыг гатлан очоорой.
Цайвгар цагаан гүмүда цэцгэн дээрх хар зөгий мэт
Цагаан хараар хосолсон нүдний харц нь хөдлөхөд
Цацрах гэрлийн цог нисэх мэт гялтаганаад
Цаанаа л нэгийг хэлж сормуус буулгаад өргөдөг юм.
Царайлаг тэдний анхаарлыг чи лав татна даа
Цайлган сэтгэлээ илчлэх тэд талимаа харцаар үднэ дээ.
- Ахин урагшилж аварга том үүлэн шүхэр болж
Ариунаа орогч орноо хүрч сэрүүн сүүдэр тусгаарай
Алалдан тулалдсан хан язгууртны байлдаан болсон
Алдарт Гүрүчадраагийн газарт үдлэн буугаарай.
Аржуна нэрт Гандивийн эзэн түмэн хурц сумаар
Асар олон ноёдын толгойг тэнд тасалсан нь
Аадар борооны мөсөн мөндөр анзааргагүй унагааж
Алтан линхувагийн дэлбээг тасчих чамтай адилаа.
- Аугаа Кришнагийн ах бараан нөмрөгт Баларама
Анжисаар зэвсэглэдэг архинд бахтай нэгэн байжээ
Аль эрт Гүрү, Банду хоёр омог эвдрэлцэн байлдахад
Ах дүү ёсыг эрхэмлэн алалдан тулалдахгүй гэхдээ
Архи, Ревади хатан хоёроо тэвчин Саарасвади мөрөн хүрч
Ариун усыг нь архины оронд уусан гэж домоглодог аж.
Амирлангуй төгөлдөр та Саарасвадийн уснаас хүртээрэй
Анжисчин Баларама шиг гаднаа хар ч дотроо цагаан болно оо.
- Гүрүчадраагаас одож цаст уулыг дамжин явсаар
Ганахалын тэнд буухад чинь, Сагара вангийн удмынхны
Газраас тэнгэрт хүрдэг алгуур хөврөх шат нь болсон
Ганга мөрөн мэлтэгнэн, уулсын хааны охин мэт угтанаа.
Шил мэт тунгалаг усаа тохойруулан урсах тэр мөрөн
Ширэвгэр хөмсөгөө нумруулах Умагийн царайг элэглэх мэт
Шилмэл сувдыг цацах шиг цагаан хөөсөр долгилон өндөлзөх нь
Шива тэнгэрийн магнайн чимэг гэрэлт сарыг шүүрэх мэт.
- Онгон тэнгэрийг нуруугаараа түшсэн шидэт заан мэт
Омогт цагаан үүл чамайг газарт хүртэл тонгойж
Огшин тахиралдаад нумран урсах тэр мөрний
Олдошгүй молор эрдэнэ шиг ариун уснаас уухад
Огторгуйгаас унжих хагас биеийн чинь гэгээн сүүдэр
Онцгой тунгалаг усан мандалнаа нэвт тусах нь
Омголон Жамуна мөрөн Ганга хатан ээжтэйгээ
Одоо л нэг нийлсэн мэт олон бүгдэд сэтгэгдэм за.
- Ганга мөрнийг төрүүлсэн цаст хайрханд хүрэхэд
Гантиг чулуун хясаанаас хүдрийн заар ханхална.
Гоо тансаг тэр үнэрт согтууранхан алмайрч
Гол өндөр оргилд амран суух чиний дүр
Гурван мэлмийт Шива тэнгэрийн хурдан хөлөг
Гуалиг залуу Нанди нэрт цагаан бух
Газрыг урамдан онгичиж шохой цагаан шаврыг
Гаргаж ирээд овоолсон адил үзэгдэх бий.
- Хар салхин догшрон харанхуй шуурга ихдэж
Харгай модон хавиралдан галзуу түймэр асвал
Хавийн уулс сүйдэж сарлагийг саравгар савагийг
Хярвас болтол шатааж хуйхлан түлэх нь мэдээж
Хурын авралт усныхаа тоолшгүй олон дуслаа
Хурамхан зуурт асган гамшигт галыг унтраа
Хясах гаслан зовлонг арилгаж нимгэлж өгөх нь
Хүсэх их буяны эрхэм дээд хишиг юм шүү.
- Домог үлгэрийн найман хөлт хурдан буга,чамайг үзээд
Догшрон уурлаж хэмхчин хаяхаар үсрэн ирнээ, тэр ууланд
Довтлох түүний замаас зайлж зай өгвөл, уулсыг мөргөн
Долоон мөчөө хэмхчин хаяж үхэх болноо, тийм болохоор
Хүйтэн мөндөр мөсөн дуслаар хайргүй балбан, номхон болгож
Хүрхрэх аянгын дуугаар үргээж буцаан хөөгтүн, омогт түүнийг
Хэрээ мэдэхгүй омогдон мөчөөрхөвч үрийг олдоггүй, аливаа бүхэн
Хэн хүний инээдэм болж шоолуулахын үлгэр, энэ болой.
- Толгойдоо шинэ саран туяаруулах Шива тэнгэрийн
Тодхон гарсан хөлийн мөрийг хадгалсаар буй
Тэр уулыг бүтэгсэд ба йогони нар бишрэн
Тахин шүтэж эргэл мөргөл үйлдсээр буй
Төгс буянаар тэр мөрийг үзсэн хэн хүн
Төрөл арилжваас бодь хутгийг асар олоод
Тэнгэр бурхны ариун орноо ажран оддог тул
Тэргүүн мэхийн тийн үйлдээрэй үүлэн анд минь
- Хөндий хулсанд үнэр хөлөглөгч орж, гаран
Хөнгөн зөөлөн яруу эгшиглэнт аялгуу үүсгэхэд
Хилэнт Намсрайн морин толгойт, хүн биет ягшас
Хөгжимчин Гинарийн хатагтай нар хоолой өргөн
Хөөрөн баясаж гурван балгадыг ялсан дууг дуулахад
Хөг нийлүүлэн аянгын дуугаар хэнгэргийг орлуулан
Хад цуурайтуулан дуурсгавал Намсрай бурханд тоогдоно
Хавь орчныг уяраасан Шивагийн хөгжим бүрдэнэ.
- Хан язгууртны өст дайсан сүхт Рама баатар
Хатуу дайнд тэдний цусаар таван нуур тогтоож
Өвдөгөө цусаар тахихдаа Банду омогийг өмөөрч
Өст Гүрүг дарахаар Гайласа уулнаас мордохдоо
Өндөр уулыг цавчин үүсгэсэн домогт Грүнза хавцал
Өнөө ч алдрыг нь дуурсган хунгийн хаалга болсоор бий
Өөрийгөө нарийсгаж хавцлаар гаран умрыг зорихдоо
Өөр олон үзүүүштэй газрыг мэдэж аваарай, чи минь
- Аюулт Бали мангас гурван ертөнцийг эзлэхэд
Айсан тэнгэр нар Вишну тэнгэрийг дулдуйдан гуйжээ
Атийсан тарваган хүнд хувилаад Вишну тэнгэр
Алхам газар гурвыг гуйхад Бали мангас өгчээ
Аварга том нар болж Вишну тэнгэр ахин хувирч
Анх алхахдаа дэлхийг дараа нь тэнгэрийг эзлээд
Ахиж алхахдаа мангасыг даран там руу өшиглөжээ.
Аврагч Вишнугийн өлмийн хөх өнгийг үүл чи олжээ.

Сэтгэгдэлүүд:
harin ene Bali mangas chin manai Bal darga shig hun uu nutgaasaa zugeer ogchihdog?
Сэтгэгдэл үлдээх: