- Эртний Удаяаны түүхийг бөглүү гацаа тосгодын
Эмгэд нь хүртэл хэлэлцдэг Авандийн орноо хүрээд
Эрдэнэсийн үлэмж сантай эрхэмсэг их хот Ужжайнауд
Эрх биш одоо л нэг хүрнээ. Эрхэм та минь
Элбэрэл нигүүлсэхүйн сэтгэлтэй цогт их дээдэс нар
Энэ ба урьд наснаа үйлдсэн буяныхаа элбэг үрээр
Эрхэс тэнгэрийн орны нэгэн өнцгийг хэлтлэн авч
Эх дэлхийдээ буулган ирж цогцлоосон мэтээ, тэр хот.
- Төгс ялдам, дэвтэнги цэцгийн үнэрийг амьсгалсан
Тод цээлхэн, согтонги хунгийн дуунд мансуурсан
Тэсч ядан, тачаалдаа энэлэх эм салхины охин
Тэгш сайхан, Шипра голын үүрийн тунгалаг жавар
Таг нойрссон тэнгэр газар аливаа бүх бодот юмсыг
Таалан үнсэх мэт сэрүүн амьсгаагаар сэргээж өгөх нь
“Тэсгэлгүй хурьцлаас алжаан ядарсан хатагтай нарыг
Тэмтрэн эрхлүүлж амраг нь дахин дур хөдөлгөхийн адил аа.”
- “Тэнд Вадасаранза, Брадийода хааны гүнж халуун авчээ
Тэнд тэр хааны алтан дал модны ой байсан ажээ
Тэнд налагири заан ороо орж шонгоо сугалжээ гэж
Тэр газарчин хүн зочинд сонин болгон ярих ажам”
- “Голдоо эрдэнэ шигтгэсэн гоё сондор тоо томшгүй сувд
Гялгар өвсөн ногоон маргад эрдэнийн чулуу
Гоё шүр, тана дэлгүүр дүүрэн тэнд дэлгээстэйг
Гайхан үзэхэд далайг шүүж дан ус үлдээсэн мэт.”
- Сан зоориор нэн элбэг өндөр харшийн гэгээвчээр савсах
Сайхан үнэрт утлагын утааг биедээ шингээн хөөрч
Садан чинь болох хөхөлт тогос тэжээвэр болчихоод
Сайн явахыг ерөөн бүжиглэж үдэхийг үзээрэй.
Сарны гэгээн гэрэлд ургасан линхувагийн үнэрт будгаар
Сайхан хатагтай нар гунхалзах хөлийнхөө улыг будаад
Санаа алдмаар цэнгэлт алхаагаа довжоо бүрд нь бэлэглэх
Саруул баялаг Ужжайнайд алжаалаа орхиод одоорой.
- Шулмасууд далайг бүлж хоры нь хөөргөхөд аврал өгч
Шива тэнгэр залгиж хоолой нь хөхөрсөн домогтой тул
Шивагийн захирах гурван сансрын оронд чамайг очиход
Шинжих түшмэд нь эзний хоолойн өнгөтэй гэж хүндэлнээ
Цэцгийн хүрээлэнг илбэн өнгөрөх салхин сэвшээ
Цэнгэг усны удвал цэцгийн тоосыг хийсгэхдээ
Цэнгэлдэн, Гандарвади голд умбах охидын ооны үнэртэй
Цэвэр сайхан хосолмол үнэртэн болгож алгуур тархаана.
- Их галын орон буюу Махагала хэмээн нэрлэдэг
Эзэн Шивагийн тахилын сүм Ужжайны хавьд бий
Ид үдийн халуун эсвэл өглөөгүүр хэзээ очивч
Ээх нарны шингэх цагийг хүлээж тэнд тогтоорой
Илд мэт гурван үзүүрт билигийг баригч Шива тэнгэрийн
Их дуут хэнгэрэг дэлдэн үдшээр тахил үйлдэх үед
Ирмүүн дуут аянгаа луугийн дуугаар дуурсган хосолбол
Илэрхий магтаалыг хүртэн хотолд тустай үйлийг бүтээнэ.
- Үдшээр чуулан биелэх үзэсгэлэнт бүжигч охидын
Үсрэх бүр бүсний чимэг нь товшуур мэт харшин дуугарнаа.
Үнэт шар сувдаар чимсэн дэвүүрийг намируулан хөдөлгөх
Үегүй мэт цагаан гар нь ядран чилж хөлрөнөө
Өгөөмөр зөөлөн шиврээ бороогоор сэрүүцүүлбэл талархаж
Өнцөгдүүлэн харах нүдээ зөгий адил гялалзуулан ширвэхдээ
Өнгөрсөн шөнө хурьцангуй амрагийн чимхсэн хумсны оромын
Өвчинг мартуулж, өчүүхэн амраасанд давхар баярланаа.
- Амьтдын хаан зааны нойтон ширийг шүүрэн авч
Моддын хаан галбарварас зандан шиг мутартаа ороогоод
Хатадын хаан Ума эхнэртэйгээ намалзан бүжиглэж
Тэнгэрийн хаан Шивагийн хүслэн сая биелдэгээ.
Улбартан шингэх нарны туяаг биедээ шингээж
Улаанаас улаан жава цэцэг мэт өнгийг олсон
Усан баригч чамайг Шива андууран барьж бүжихэд
Улцгар арьсанд дургүй Ума баярлавч нүдээ үл хөдөлгөнөө.
- Зүйрлэшгүй амгалан тэнгэрийн тэр орноо орших
Зүггүй гэнэн хатад амрагтаа шөнө очихоор
Зүү харагдахгүй харанхуйд замын нугачаанд бүдчин
Зүг чигээ олохгүй төөрч будилан яваа бий
Цул хар чулууг алтаар сараачин зурах мэт
Цахилгааны хурц гэрлээр замыг нь гэрэлтүүлж өгөөрэй
Цочроом сүрт аянгын дуугаа болдог бол хориорой
Цочиж үхэх вий тэд, аймхай нь хэтэрсэн ахайтнууд.
- Яралзах гэрлээ тусгасаар цахилгаан гялбаа гэргий чинь
Ядарч сульдах нь мэдээж, байшин балгадыг бараадан
Ямагт хосоороо гүвтнэх тагтаа хонох дээвэр дээр
Янаг хонгороо амрааж нойрсон хамт унтаарай.
Ялгуун гэгээн нарны анхны туяагаар сэрж
Явах замаа хөөж яаран цааш замнаарай.
Ядарсан миний найдварыг нэгэнт хүлээсэн болохоор
Ямар ч юм тохиолдсон хөсөрдүүлж хэрхэвч болохгүй шүү.
- Өглөөний нарыг хүндэтгэн замаас нь түргэн зайлаарай
Өндөрт мандах түүнийг халхлан хилэгнүүлж болохгүй
Өнчин дэрнээ шөнөжин асгарсан эмэгтэйн гомдолт нулимсыг
Өөр хэн ч бус амраг нь арилгадаг хүний ёс байдаг шиг
Намуун шөнө гүмүда цэцэгт нууранд ганцаардан хоносон
Налина цэцгийн дэлбээнд бөнжийх шүүдрийн усан нулимсыг
Нар өөрөө л арчин арилгадаг ертөнцийн их жамыг
Нажид сэтгэлтэн зөрчсөн өдөр, өдөр бус шөнө гэмээр
- Хамбира мөрний тунгалаг ариун усан мандал
Хайрын хүслэнт сэтгэлийг илчлэх нүд мэт мэлтэлзэхэд
Хасын өнгөт ялгуун цагаан чиний гоёмсог дүр
Ханилан цэнгэхийг яарах мэт тодрон туснаа түүнд
Өнгөлөг чиний дүрийг цагаан гумуда мэт харагдуулж
Мөнгөлөг загасаа үсэргэн жирвэлзүүлэх нь гэрэлт харц мэт
Өргөн хүндэтгэж өөрөөрөө ч билээ тахихыг мөрөөдөх
Мөрөн Хамбирагийн ариун хүслийг огоорох ёсгүй ээ.
- Нөмгөндөө ичингүйрч сүүдэрт чинь нуугдах Хамбира мөрний
Ногоон зүлгэн эмжээрт хөх усан хормойг аажмаар сөхөөд
Нүцгэн цагаан гуя болсон хоёр эрэгий нь гарган илбээд
Нууцлаг орныг хаацайлах нарийн торгомсог үс гэмээр
Найлзуур зөөлөн зэгсийг шүргэн таалж мэдрээд
Наалдан хэвтсэн чи бээр салж холдоход амаргүй ээ
Нандин ийм учралын амтыг нэгэнт амсваас
Нарт хорвоод амьдрах хэн ч гэлээ ялгаагүй ээ.
- Усан баригч чиний хурын шимийг хүртэж
Уужим эх дэлхий үзэмж гоо цэцгийг ургуулна
Ургамал цэцгийн анхилуун сайхан ялдам үнэрийг
Урин зөөлөн салхин аажим алгуур тархаана.
Уянга яруу чимээг хамраараа тургин гаргадаг
Урт хошуут заан тэр салхийг сөрөн амьсгална
Удамборын зэрлэг жимслэг тэр салхиар болц гүйцэнэ.
Усан баригч чамайг ч тэр салхи алгуур хөдөлгөнө.
- Дивагирид тэр салхиар хүрч задгай үүл болон
Дайны тэнгэр Скандын орныг цэцгийн хураар бүрхээрэй.
Хан хурмастыг хамгаалах гэхдээ Шива тэнгэр шидийг үүсгэн
Халуунаас халуун цагаан дуслаа галын дунд цацсан гэнэм
Галынхаан түлэгдэн сандарч усанд хаян амиа аврахад
Ганга мөрөнд угаал үйлдэх зургаан мичид Гиртиг од
Гарахын өмнө амжин хүртэж шалтагийг олоод
Гайхамшигт зургаан хүүг нэгэн зэрэг төрүүлсэн гэнэм.

Сэтгэгдэлүүд:
Tumeeah blogiin ezend: bi ingeed end tend hunii blogt humuustei ulzaad, mend medeed marzaganahdaa marzaganaad blogiig chat bolgoh geed baidag muu zurshiltai hun baigaa yum, orshoogoorei.
Сэтгэгдэл үлдээх: