- Хотын эмс шиг сэртэндэж сураагүй хөдөөгийн хүүхнүүд
Хөөрхөн тачаангуй талимаа нүдээр чамайг харан ичингүйрэвч
Хотол олонд үрсийг арвижуулахаар ирсэн болов уу гэж
Хонгор хайртдаа орон дотроо баясан шивнэх буй за.
Хожмын цагт тэдний итгэх сэтгэлийг алдахгүйн тулд
Холын замаасаа баруун тийш ялимгүй хазайж
Хатаж ангасан тариалангийн талбайд хэвтэж хонохдоо
Харамгүй услаад өөд болон умрыг чиглээрэй.
- Элдэв элдвээр давхцсан Амарагуда уулын жимст хярд
Эцсэн биеэ амраахыг итгэн найдсаар очиход чинь
Эсрэг тэсрэг сүлжилдэх энэ хорвоогийн жам ёсоор
Эрчлэх түймэр угтбал эгдүүцэлгүй унтрааж өгөөрэй
Эгэл доордос ч нөхрийн тусыг үл мартах атал
Энгэр бэлийнхээ галын гамшгийг унтрааж өгсөн
Энгүй өгөөмөр ач тусыг Амарагуда уул мартахгүй
Эгэм мөрөндөө өргөн хүндэлж амраах нь магад аа.
- Уулын оргилд амран суухад чинь амара жимсний болц гүйцээд
Угааж самнасан шанх адил гялтгар хар өнгийг олоод
Улаан нарны гэрэлт туяаг толь мэт ойлгон гэрэлтүүлж
Усан баригч үүл чамайг ч нэвт тусан гялалзахыг
Үүл чамаас өндрийг эзэгнэн сансарт орших
Үхэлгүй эр, эм, тэнгэр нар гайхан харахад
Үлэмжийн гоо дэлхий ээж бөмбөгөр цагаан хөхөө
Үнэт эрдэнийн хөх чулуугаар гоёсон мэт үзэгдэнээ.
- Гөрөөсийг эзэн мэт адуулагч ойн анчины гэргий суух
Гэгээвч онгорхой замын байшинд хэдэн мөч саатахдаа
Гэнэтийн бэлэг хоромхон зуурын нартай бороо оруулаад
Гэтлэх урт замдаа орж хурдлан цааш одоход чинь
Арша нарын мөрөн нэвтлэгч охин нэрт Виндьяа уулын
Асга хаднаа шургалан урсах Нармада гол салаалан үзэгдэх нь
Авьяаст зураач эрхэм дээд гучин хоёр гишүүний будгаар
Аварга зааны нурууны хээг атираа бүхэнтэй нь зурсан мэт.
- Замбу мод шивээлсэн Нармада гол тогтонги урсах эрэгт
Заарын үнэртээ согтсон залуу заанууд дэвхцэн дэгэж үймэрвэл
Зандрах мэт аашлан хурын усаар сүрчин сэргээх үедээ
Завьяа мэт мэлтэгнэх голын уснаас чадлаараа уугаарай
Ханатлаа ууж, шимээр дүүрсэн усан баригч чамайг
Хавсран шуурах үнэр хөлөглөгч хөдөлгөж үл чаднаа
Харахад том ч арчаагүй хоосон бол тэр хөнгөн, хийсвэр
Харин давжаа ч үнэхээр юмтай бол тэр хүнд, суурьтай.
- Гаадамба модны гал улаан цэцгийн булбарай ишинд
Гарах төдий үзэгдэх заримдаг шар ногоон тоорцгууд
Гадилын залуу мөчрүүд цөөрмийн хөвөөгөөр нахиалсныг
Газар дэлхийн үнэн өнгө гэж эндүү бүү бодоорой.
Гандаж хатсандаа шатах, аглаг хөвчийн гашуун хиншүүг
Гаслан харамсах үнэр хөлөглөгч сандран тархаана
Галзууртлаа айсан гунан буга чамайг газарчлан давхина
Гай зовлонг нь хуваалцан нулимс мэт хурын усаа асгаарай.
- Аянгын сүрлэг дууг чинь сонссон хүмүүн бус бүтэгсэд
Амаараа борооны дусал тосон уух заадага бялзуухай
Агаарт эгнэн цувах усыг шүтэгч тогоруу гурав
Алдрыг чинь дээдлэн тахил өргөн чамайг шүтэцгээнэ
Аялгуу чанга дуунаас чинь айлаа гэх худал шалтагаар
Амраглах дураар тэврэн авч чичирхийлэх эмтэйгээ
Асар баясгаланаар эвцэлдэн үйлдэх бүтэгсдийн эрс
Арай илүү баярлан, тахил өргөдгөөрөө ялгаатай буй за.
- Анд сайн нөхөр минь ээ, чи! Хурдлан одож
Амраг ханьд минь мэдээ хүргэхийг хэдий яаравч
Анхилуун үнэрт цэцэгт уулнаа амсхийн суухад чинь
Аялгуу яруу ганганан дуугарах тогос шувуу
Алтан бөмбөлөг нулимс унаган бүжиглэж байвал
Алмайран сатаарч хагацан салж үл чадам за
/Алтан гургалдай аялан жиргэхэд агт морьд сульддаг гэж
Амрагтаа яарах аглаг хээрийн Монгол эрс дуулдаг шүү дээ/
- Цааш замнан Дисарнагийн гэгээн орноо хүрэхэд чинь
Цагаан гядага цэцгийн найлзуур хөнгөн мөчрүүд
Цэцэрлэгт хүрээлэнгийн сүлжмэл хашлагыг дүүргэн бүрхээд
Цэнгэлдэн донгодох элдвийн шувууд ариун модноо үүрлээд
Цацаглан бамбарлах шүүслэг жимслэг гүйцэд болсноос
Цэмцгэр ногоон замбу модод харлан харагдахад
Цөхрөлтгүй дагасан хун шувууд чинь тэр газарт
Цөөхөн ч гэлээ хэд хоног саатан суух нь лавтай.
- Хүж дэлхийд Видиша нэрээр алдаршсан Дасарнагийн нийслэлд
Хүрч очиход чинь буян үйлдэх аз чамайг угтанаа
Хөмсгөө зангидах эмэгтэй царай шиг долгилон үрчлээтэх
Хөлгүй их нуур Видравадийн ариун мандлыг үнсэнээ
Хайр сэтгэлийн зовлонт хүслийг амирлуулан уухилах мэт
Хүчит аянгын дууг эрэг дээр нь нижигнүүлэхэд чинь
Хиргүй ариун сэтгэлийг чинь хуваалцан таалж гинших мэт
Хүржигнэн эрэг дотроо дуугарах вий тэр нуурын ус.
- Низай нэрт нам давааны хөтөл овоонд хүрч
Нууцаар дэр нийлэх мэт цавцайн хэвтэхэд чинь
Нэгэнт дэлгэрсэн гаадамбын булбарай билигт цэцгэс
Нэн ичингүйрэхдээ чичрэн салгалж чамд наалданаа.
Нууцлаг орших чулуун агуйнуудад садар эмсийн
Нүүрэндээ түрхсэн оо тосны үнэр сэнгэнэж
Нүгэлт хүслэн янаг тачаалаа хорьж чаддаггүй
Нутгийн завхай залуус үүрлэн байдгийг илчилнээ.
- Түр амраад ойн догшин голын гарам хүрч
Тоорын моддоос дуслах шүүдрийн тунгалаг усаар
Тоос шороогоо арилгадаг гүмүда цэцгийн хүрээлэнд
Түдэн саатаж сэрүүн дуслаараа сэргээж өгөөрэй.
Өглөөгүүр цэцэг түүж хэлхээ үйлдэх гоо охид
Өнгөт хацар булбарай нүүрнийхээ хөлсийг арчсаар
Өөрийнхөө чихийг гоёсон удамборын дэлбээг султгах вий
Өтгөн сүүдрээ дагуулан тусгаж сэрүүцүүлж өгөөрэй.
- Умар зүг зорихдоо замаас муруйн гажих авч
Ужжайны гэгээвч индэрт орд харшийг заавал үзэгтүн.
Уян гоолиг балгадын баясгалант хатагтай нар
Урин өдөөх ялдам мишээлээр гэрэлтэн гийсэн
Учиртай инээх жоготой нүдээ өнцөгдүүлэн харахад
Унаж тусаж бахдаагүй хэн хүн байдаг гэж үү
Уран тэдний харцанд хууртан мунхардагч гэлээ
Учран золгож үзээгүй бол харамсмаар бишүү.
- Үелзэн долгилох тутамдаа, яруу дуугаар ганганах
Үелэн эгнэх хун шувуудаар бүс болгон гоёсон
Үзэсгэлэнт эмсийн гүн хүйс мэт хонхойн эргэх
Үймэлзэх ногоон оольтой Нирвиндья голтой учраад
Үтэр түргэнээр доошлон хэвтэж тэвчээрийг алдан
Үнсэн байж хурыг асган янаглан цэнгэхэд чинь
Үргэсэн хун шувуудын сүрэг цэгц алдран сарних нь
Үнэт сувдан бүсийг тайлах мэт харагдам заа
- Шим ихт үүл чамайг голын тэртээ гарахад
Шанд булгийн ус нь сүлжмэл гэзэг шиг нарийсаад
Шарлан гандсан ойн навчис хөглөрөн бүрхсэн нь
Шаналан зовсон миний амрагийн хатанги цагаан бие шиг
Шим сайт усаараа тэр голыг амилуулахтай адил
Ширгэсэн гол шиг туранхай амраг түүний минь биеийг
Шинэхэн дурлах охин мэт мариалаг болгон сэргээх
Шид хүч, арга чадал ганцхан чамд л бий шүү.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: