Үүлэн зардас - 1

  1. Ариун дээд Шамбалын орны хүмүүн бус нэгэн ягшас

Алба үйлдээ ихэд осолдон Намсрай бурхны гэсгээлд унаж

Арга чадал, хувилгаан чанар, сүр жавхаа нь үгүй болж

Амраг эхнэрээсээ хагацан хөөгдөж, нэгэн жилээр алсад цөлөгдөж

Алдар цуут Жанага хааны сэтгэлд тааламжит гүнж

Алдрай биеэ угааснаар ариудсан домогт мөрний хөвөөнд

Алтлаг зандан галбарварас модны сэрүүн сайхан сүүдэртэй

Рамагийн ууланд үнсэнд хаягдсан шалз шиг суужээ.

 

  1. Хүсэл мэт үзэсгэлэнт хонгороо ихэд санавч тайтгарал авахгүй

Хүйтэн гунигт автан автан долоон сар туран турсаар

Харьт царвууны хооронд алтан бугуйвч нь харшилдан холхиж

Харуусан гомдсоор бурвасад сарын сүүлчийн гунигт өдөр

Хурын үүл, уулын оргилоос бэл хүртэл наалдсаныг үзэхэд

Хурьцан жаргасан хүчит заан улам гоёмсог болоод

Хурц соёогоор уулын оройг сэжин сэжин наадах мэт

Хосгүй сайхан харагджээ, хувьгүй тэр хөөрхийд.

 

  1. Баян Намсрай бурхны хилэнт цаазанд өртөн зүдрэгч

Бядуу тэр хөөрхий ягшас хурын үүлсийг харан уйтгарлав.

Болзоот хугацаа яагаа ч үгүйг гядагагийн цэцэг дэлгэрэн заасныг

Бор зүрхээрээ энэлэн мэдэж нулимс юугаа асган харав.

Бараалан дүнсийх үүлсийг харсан жаргалант хүмүүсийн

Баяр төгс амгалан сэтгэл дорхноо хувирч гунихрах атал

Баясгалан төрүүлж, хүзүүдэн тэврэгч янагаасаа хагацаж

Балар хөвчид цөлөгдөн ганцаардах хөөрхий тэр аргагүй ээ.

 

  1. Халуун зуны дундад сарын хурын үүлийг илгээж

Хагацсан янагтаа эсэн мэндийн мэдээг хүргэж

Хайрлам, найралт амраг юугаа аврах санааг

Хайж олоод хөөрхий ягшас баясан баярлав аа.

Хүйтэн шүүдрийн усаар ургаж сарны гэрэлд дэлбээлсэн

Хүжийн үнэрт маллига цэцгийг тахил болгон өргөж

Хүүрнэн өгүүлэх яруу тансаг үгсийг шилэн

Хүндэтгэн ёсолж үүлсийн чуулганд залбиран мөргөв өө.

 

  1. Зовлон жаргалын алинд ч уйлах усан дуслаас бүтэж

Зоргоор салхинаа дураар хийсэх хурын үүл элчин болж

Зоригтон аймхайн алинд ч туслах үйлийг бүтээж

Зорьсон газарт захьсан үгийг хүргэн хэлж чадах билүү.

Мянган зовлонд дарагдан мунхрах хөөрхий ягшас

Магадлаагүй биз ээ лав. Хүсэх нь өчин гуйх л үлджээ.

Мэргэн ба мэргэн бусуудад ч мөргөн гуйжээ.

Мэдэрдэг ба мэдэрч чаддаггүйг ч өчин гуйжээ.

 

  1. “Аяа, та бол хурмаст тэнгэрийн дээд язгуурт түшмэл мөн

Ахуй биеэ хүссэнээрээ байлгагч хувилгаан мөн

Агуу их усан баригч, зуун тахилгат ноён мөн

Аадар борооны шим хүчээр гурван газрыг эзлэгч мөн

Азгүй заяагаар ураг бүлээсээ өнчрөн хагацсан би

Аугаа их эрдэм чадлаараа авран соёрхохыг гуйнам

Ашгийг бодон доордсоос гуйх нь ичгүүр юм даа

Анзаарч өршөөдөггүй ч дээдсээс хүсэх нь зүй юмдаа.

 

  1. Шатаах гай түйтгэрийг арилгагч, аврагч од үүл минь

Шаналан зовох амрагт минь миний үгийг хүргэнэ үү

Эрдэнэсийн эзэн хилэнт Намсрайн хатуу зарлигаар

Энхрий нөхөр нь энд ганцаар цөлөгдөн суугааг хэлнэ үү

Шива тэнгэрийн магнайн чимэг эрдэнийн чулуу мэт

Шингэн цагаан сарны туяа халтиран халтиран байдаг

Бадмаараг эрдэнийн орд харш, үүсгэмэл цэцэрлэгтэй

Баян Намсрай бурхны залардаг Алага балгадад очино уу.

 

  1. Асар тэнгэрээр хөвж, үнэр хөлөглөгч салхин аясаар

Алага чиглэн явах сүмбэр цагаан үүлэн чамайг

Аянчны гоо эхнэрүүд үсээ сөхөн таалан таалан харнам за.

Авааль эртэйгээ учрахыг хүсэн яаран яаран хүлээм за

Аадар борооны улиралд алсад одогсод харьдаг болохоор

Аянгын дуунд чинь уяран сүлжсэн гэзгээ задруулан байж

Амраглах янагийн амтат жаргалыг амсан эдлэхийг хүснэм за.

Алсад цөлөгдсөн азгүй би л атаархахаас үл хэтэрнэм за.

 

  1. Орчлонгийн бүх эхийн адил хүлцэн тэвчигч тэр минь

Оргил ёроолгүй гуниг зовлонт өдөр хоногийг тоолсоор буй

Олдошгүй гоо эгч чинь болох хөөрхий түүнийгээ

Одоо ч гэсэн би орь ганцаараа өмчилсөөр буй

Оюу номин нууранд ургах линхува цэцэг

Оволзох үер ихсэх тусам унадаггүйн адил

Охин тэнгэрийн зүрхний баясгалант амраг тэр минь

Орхигдон хагацавч горьдон хүлээсээр хувираагүй бий.

 

  1. Хурцдан анхилах үнэрийг тархаах сэвшээ салхин

Хүндэтгэл үзүүлэн алган дээрээ хөвүүлэн явахад чинь

Хурын уснаас өөрийг хэрэгсдэггүй заадага бялзуухай

Хуучир лимбэний дуугаар зүүн талд чинь бужигнаж

Хуучин урагтайгаа учрах мэт согтууранхан хөөрцөглөхөд

Хорвоо дэлхийд өсөн үржихийн билэгдэл болсон чамайг

Хонгор дуут эм тогорууд бүжиглэн бүжиглэн угтанаа

Хосын өлзийт хугацаа ирснийг зөгнөн зөгнөн ниснээ.

 

 

  1. Үлэмжийн сүрлэг аянгын дууг чинь, тааламжтай хэмээн

Үелзэн хөвөх хун шувууд бахдан сонсдог буй за.

Үр шимийн дээд хураар газар дэлхийг дэлэгнүүлж

Үзэмжит цэцэгс, шүхэрт мөөг ургуулдаг болохоор тэр буй за.

Ганхан гунхах хунгийн сүрэг эгнэн нисэж

Газрын чимэг Манас нуур, цаст уулсын хооронд

Гагцхүү, эмт линхувагийн үндэс навчаар хооллон

Газарчлан хөтөлсөөр Гайласа уулнаа хүргэнэм за.

 

  1. Омог ихт Рама баатрын өлмийн мөрийг хадгалсан гэж

Одоо энэ миний суугаа Рама уулыг олноороо шүтэцгээдэг   

Оргил өндөр уул үүнийг илбэн таалах чи бээр

Озон үнсэж эвцэлдэн тэвэрч хагацан ядахын адилаа

Оломгүй хайрын халуун янаг нууцхан сэтгэлт бүсгүй мэт

Он бүр чамайг л хүсэн хүлээдгээ илчлэх энэ уул

Огоорч мартсан гэмийг чинь уучилж, ангасан хүслээ хангаад

Оргилон урсах нулимсаа мэлмэрүүлэнхэн өмөлзөх мэтээ.

 

  1. Аялан явах дөт зам, уулзан учрах бүгдийг

Аугаа их усан баригч чамдаа нэгэн нэгэнгүй хэлье

      Амрагтаа хэлүүлэх зүрхнээс ундрах үнэн үгийг

      Анхаарал тавин тогтоохыг найдан дараа нь сонсгоё

      Алжаан ядарвал уулсын оргилыг түшин зогсож

      Амсхийж хөлөө амраана уу. Суувал удна шүү.

      Ангаж цангавал ус нуурыг голж шилэхгүй

      Ам зайлж шимэн ууна уу. Ихэдвэл саатана шүү.

 

  1. Амтат нишингү ногоорох бэлээр умрыг зориход чинь

            Аюулт угалз салхилж уулсыг умбаруулан хийсгэх нь гэж

            Үлгэрт гардаг хүмүүн бус бүтэгсдийн гэнэн эхнэрүүд

Үүлгэртэн цочиж үүл чамайг айн ширтэх нь магад аа

Дөрвөн зүг найман зовхисыг эзлэн оршдог гэж

Домоглон хэлцдэг зүгийн заанууд замыг чинь отож буй

Догшин тэдний хүчит хошуу хурц соёо сэрийлцэн байвч

Дотно чи минь зайлан гарах арга юугаа мэдэж буй

 

  1. Хоёр үзүүртээ шоргоолжны үүрэн амьд гичиртэй

Хормустын нум гэгддэг долоон өнгөт эрдэнийн солонго

Хөхөмдөг саарал ихэмсэг чамтай таширлан байгааг

Хөмсөг өргөн сайн хувьт нүдээр ажиглан харахад

Хэдэн зуун тахилгат Вишну тэнгэрийн үхэрчин

Хөх өнгөт Кришна бурхны сүрлэг биеийг

Хээнцэр ганган тогосын өдөн зүүлтээр чимсэн

Хосгүй гоо хөрөг мэт өнгө зохицон үзэгдэнээ.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2009-04-23 12:12:58
Галидаса...
Гайхамшигт...
Үүлэн зардас...
2. 35 | 2009-04-23 12:20:53
Сэрэмж алдсан нэгэн ягчис
Хилэнт эзний бошго зарлигаар
Үзэсгэлэнт амрагаасаа жилээр хагацаад
Үзэмжит Рама-ийн уулнаа суув.
3. Монгол Зон | 2009-04-24 23:46:42
za bi san taviad garlaa, bayan namsrainhaa neriig sonsonguut l baidag yumaa barin guideg humuusiin toloo.
uulnee zardas gej.
4. enhelgene (зочин) | 2009-04-25 00:07:30
negen tsagt unshij,setgel baysaj nyd sergen hymyynii oyunig bahdan bishirch yunii undraand mehiilgej baisan zohiol buyu
dahin harahad saihan bainaa.
bayrallaa
5. monjigo | 2009-04-26 02:36:40
yag odoohiin mongoliin nohtsold ih torirson shig... amidraliin erheer bie bieneesee hol bh amrag hosuud ulam l olshrood bh shig... sanagalzuulj bgaa amrag ni unshuul setgel ni uneheer hodlohgui bhiin argagui
6. oldoshaksli | 2009-06-20 13:43:39
HEnii orchuulgasan bil ee!
7. Chabu (зочин) | 2009-06-20 14:05:08
энэ орчуулсан хүн нь өөрөө блогтоо оруулдаг юм аа. Олдос хүү уранзохиолын хүрээний хүн байна хэн гэдгийг нь мэдэж байгаа байлгүй.
8. У. Пүрэвсүх (зочин) | 2009-09-14 04:25:44
Үүлэн зардсын 4н янзын орчуулга байдаг. Миний магистрын ажлын сэдэв: Галидасын "Үүлэн задрдас"-ын могол орчуулгын уран сайхны дүйх утга. Энд тавигдсан орчуулга ямар хэлнээс хийгдсэн нь надад их сонин байна. Англи уу, Орос уу? Эсвэл Монгол орчуулгуудаас харж байгаад зохиомжилсон юм уу гэдэг сонин байна. ...Үнсэнд хаясан шалж шиг... гээд бас их сонин сайхнаар монголчилсон харагдаж байна. Санскрит шүлэг нь: Кашчит каантаа вийраха гүрүүна
сваадхи каарат праматтаха
Шаапэн астан гамита махимаа
варша бхогена бхарттүхүү...
гэх мэтээр аялгуулж өгнө дөө ёстой нэг сайхан. Галидасын 4их яруу найраг гурван драмма бий. Судалгааныхаа ажлыг гүйцээж байгаад Үүлэн зардсын талаарх сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцна аа. Баяраллаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.